Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хоёр настай охиноо байнга зодож, шөнөөр орцондоо гаргаж зогсоодог эх хүн байгаа талаарх мэдээлэл сошиал сувгаар тархаад буй. Энэхүү зураг, мэдээллийг хүүхдээ зоддог Булганаа гэх эмэгтэйн хөрш нь фэйсбүүк хуудсандаа байрлуулснаар хэрэг олонд ил болсон. Тэрбээр энэ эмэгтэйн харгис үйлдлийг хөршүүд нь олон удаа сумын цагдаад мэдээлсэн боловч “Хүүхдээ зодож болохгүй” гэсэн анхааруулгаас өөр дорвитой арга хэмжээ авдаггүй талаар бичсэн байсан билээ.
Мөн хөршүүдийнх нь зүгээс уг эмэгтэйд шаардлага тавьж хүүхдээ оруулахыг зөвлөхөд янз бүрээр доромжилж харааж хөөдөг аж. Тиймээс түүнийг сэтгэцийн ямар нэг өвчтэй байж магадгүй гэсэн хардлага байгаа гэнэ.
Харин Хүүхдийн төлөө үндэсний газраас уг асуудлаар ямар ч мэдээлэлгүй байж байгаад иргэдийн мэдээллийн дагуу холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.
Тодруулбал, Шарын гол суман дахь Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын ажилтнууд болон сумын цагдаатай хамтарсан баг уг асуудалд хамтарч ажиллаж эхэлсэн байна. Улмаар охиныг хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн охинд ил харагдах шарх, сорви байхгүй, биеийн байдал, өсөлт хэвийн байгааг эмчийн үзлэгээр тогтоосон байна. Харин цаашид хэрхэх асуудал нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.
Мөн охины ээжийн асуудал болон цаашид охин асрамжийн газар очих эсэх асуудал тодорхойгүй байгаа ажээ. Гэвч бяцхан охины төлөө сэтгэлээ чилээж, туслахыг хүссэн ээж нар, мянган мянган иргэд байгааг энд дурдах нь зүйтэй биз ээ
Эх сурвалж: www.24tsag.mn