Харин нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүрэгт өссөн, бусад дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ. Мөн өмнөх шуурхай зөвлөлгөөн дээр холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тухайлбал,
- Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд хяналт, шинжилгээ хийж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан. Нийслэлд эрх шилжсэн нийт 309 ажил хэрэгжиж байна. Үүнээс:
- НХААГ – 119 төсөл арга хэмжээ
- Дүүргийн худалдан авах ажиллагааны албад – 65 төсөл, арга хэмжээ
- Нийслэлийн харьяа агентлагууд – 125 төсөл, арга хэмжээ
- Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар – 119 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа.
- Мөн мэргэжлийн байгууллагууд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийг шуурхай гаргаж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд нэгдсэн мэдээллийг танилцуулсан.
- Нийслэлийн ЗДТГ-ын 9 хэлтэс, 9 дүүрэг, 59 хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар нийт 77 байгууллагад 2016 оны нийслэлийн хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгмийн зорилтын саналыг авах албан бичгийг хүргүүлсэн. Мөн www.ulaanbaatar.mn сайтад санал авах хуудсыг байршуулж байгууллагуудаас албан бичиг болон цахим хуудсаар санал авч байна. Хэрэгжилт одоогийн байдлаар 20 хувьтай явж байна.
- Хүүхдийн зусланд эхний ээлжийн амрагчийг хүлээн авах бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг өгсний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар зэрэг мэргэжлийн 5 байгууллагын хамтарсан уулзалтыг зохион байгуулж хүүхдийн зусланг эхлүүлэх үйл ажиллагааны тухай захирамжийн төслийг боловсруулан, танилцуулж санал авах шатандаа явж байна.
- “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” уриатайгаар мод тарих аяныг улс орон даяар зохион байгуулж нийслэлийн төвийн 6 дүүрэгт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргаж 18 байршилд мод тарилаа. Оюутан залуусын төлөөлөл сайн дурын “Эко элч” нарыг төвийн 6 дүүрэгт ажиллуулсан. Эко элч нар нь иргэд олон нийт, залууст мод тарих талаар заавар зөвлөгөө өгч, түүний ач холбогдлыг таниулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 09-нд нийслэлийн хэмжээнд нийт 23267 иргэд, 1341 аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотойгоор нийт 234,037 ширхэг мод, бут сөөг тарьсан байна.
- Нийслэлийн Засаг даргын А/314 дүгээр захирамжийн дагуу 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулагдах шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах болзолт уралдааныг зарлан төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хийгдэж байна.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох албан тушаалтнуудад өглөө. Тухайлбал, 06 дугаар сарын 01-нд Чингисийн талбайд Олон Улсын хүүхдийн өдрийг зохион байгуулна. Нийслэлийн Засаг даргын А/404 дүгээр захирамжийн дагуу ажлын хэсэг хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн бүх нийтийг биеийн тамираар хичээллэх өдрийг бий болгох, нийслэл хотоо дэлхий нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг ирэх 6-р сарын 6-ны өдөр зохион байгуулна. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн дүүргүүд болон харьяа газар, агенлаг нар идэвхитэй оролцохыг үүрэг болголоо. Иргэд зуслан гарч байгаатай холбогдуулан үйлчилгээний байгууллагууд зуслангийн үйлчилгээг хэвийн болгоход анхаарч ажиллахыг үүрэг болгов. Харин “Улаан бурхан” өвчний дэгдэлт болон үзүүлж байгаа арга хэмжээг сайн авч, зохион байгуулалттай ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.