НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийн Нэгдсэн хороог байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул-Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15 – ны өдрийн ээлжит хуралдаанаар нийслэлийн дагуул Налайх хотын Захирагчийн сонгуулийг 6 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг гаргасан. УИХ – ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хот тосгоны Захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-д заасанчлан НИТХ-ын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 27 хоногийн өмнө сонгуулийн нэгдсэн хороог баталдаг. Үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн саналын дагуу Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Тус хотын Захирагчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил 5 дугаар сарын 19-нд эхэлж, 5 дугаар сарын 25-нд дуусах юм. Нэр дэвшигчийг нэгдсэн хороо бүртгэж, үнэмлэх олгох бөгөөд бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгаж, бүртгэснээс хойш 3 хоногийн дотор оршин суугчдад мэдэгдэнэ. Нэр дэвшигч бүр тухай хот, тосгоны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх өөрийн хөтөлбөртэй байх бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хөтөлбөрөө сурталчлах эрх эдэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.