Улаанбаатар хот эдгээр өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Учир нь Азийн Залуучуудын Ассамблейд оролцохоор Азийн 23 орны төлөөлөгчид нийслэл хотод хуран цуглараад байгаа юм. Өнөөдөр энэхүү чуулганы хүрээнд нэгэн сайхан билэгтэй үйл явдал тохиолоо. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат ирээдүйд сүндэрлэх “Нэг Ази” цамхагийн шавыг чуулганд оролцож буй хүндэт зочдын хамт тавьсан юм. Тус барилга нь МЗХ-ны барилгын суурин дээр босох буюу 39 давхар байхаар зураг төсөл нь батлагджээ. 1960-аад онд анх ашиглалтанд орж байсан хуучнаар Монголын Хувьсгалт Залуучуудын байр өнөөдрийн байдлаар ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд МЗХ ирэх жилүүдэд шинэ барилгаа ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. “Нэг Ази” цамхагт Дэлхийн Ассамблейн Азийн салбар, Азийн Залуучуудын Зөвлөлийн Монгол дахь салбар, МЗХ бусад Азийн орнуудын соёлын салбар байгууллагууд байрших юм байна. Одоогийн байдлаар барилгын ажил төлөвлөлтийн шатандаа явж байгаа тул хэзээ барилгын ажил эхлэх нь тодорхойгүй байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлөө авч байж барилгын ажил эхлэх гэнэ. Мэдээж энэ том цамхагийг босгоход хөрөнгө санхүүгийн асуудал яригдана. Санхүүжилтын хувьд Азийн улс орнуудын залуучуудын байгууллагуудын шугамаар босгохоор хөөцөлдөж байгаа гэж байна. “Нэг Ази” цамхагийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцсон Дэлхийн Залуучуудын Ассамблейн Ерөнхийлөгч Идрис Харон хэлэхдээ: “МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат алсын хараатай зоригтой шийдвэр гаргаж, зорьж байгаад нь талархаж байна. “Нэг Ази” цамхагийг Улаанбаатар хотод сүндэрлэн босоход нь бидний зүгээс бүхий л талаараа дэмжин ажиллах болно. Их зорилго нь биелэлээ олж, удахгүй шинэ байрныхаа нээлтийг ёслол төгөлдөр хийнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолжээ.