Я.Содбаатар: Баян ч бай, ядуу ч бай чадвартай бол улс төрд гарч ирэх боломж бий

0bcdf499ec85d6d25e43fca45c16c6cdУлс үндэстнүүд яагаад Америк руу хошуураад байна. Тэнд Америк мөрөөдөл байна. Ямар ч орчинд төрж өссөн бай залуу хүн өөрөө зүтгээд, зөв сэтгэлтэй байж чадвал урлаг спорт, бизнесийн салбар, цаашлаад ерөнхийлөгч ч болж болдогийн жишээ тэнд байна. Тэгвэл улс төрийн залуу боловсон хүчнийг бэлтгэдэг НАМЗХ-ын дотор сүүлийн үед хөл хөдөлгөөн их байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Я.Содбаатартай уулзаж ярилцлаа.

– Иргэдийн дунд МАН-ын нэр хүнд эрчтэй өсч байна. Тэгвэл, ирэх сонгуульд ямар зарчим барьж ажиллах төлөвтэй байна вэ?

– Монгол Улсын парламентад хамгийн олон суудалтай нам болох АН-ын зүгээс  бодлогын алдаанууд их гаргаж байна. Ялангуяа эдийн засаг руу чиглэсэн явцуу, захиалгат үйл ажиллагаануудыг их явуулж байгаа нь иргэдийн АН-д итгэх итгэлийг эрчтэй унагаж байх шиг байна.

Нөгөө талдаа АН-ын дотоод зөрчилдөөн, тэмцэл нэлээн ил тоддоо гарч, сая чуулгын нээлтийн өмнөхөн МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр толгойн үйл ажиллагааг явуулах ажлуудыг хийхээр мэдэгдтэл маргааш нь Их хурлын дарга нь Тавантолгойн төслөөс өгсүүлээд зогсоож эхэлсэн.

Ер нь АН засгийн эрхэнд гархаараа л доторх зөрчилдөөнөө төрийн зөрчилдөөн болгож, иргэдийн нуруунд ачаа үүрүүлдэг юм байна хэмээн олон хүн ярьж байна.

– Мөн өнгөрсөн сонгуулийн үеэр хэрэглэсэн холимог тогтолцоог шүүмжлэх иргэд олон байна. Хасагдсан хүмүүс засагт гарч ирээд самуурууллаа гэж?

– Хоёр, гуравдугаар сард ард иргэдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд дийлэнх олонх нь намын жагсаалтаар их хуралд орж ирдэг холимог тогтолцоогоо больж, мажоритар буюу тойргоос шууд сонгодог тогтолцоогоо сонгуулийн хуулинд оруулаач ээ гэдэг санал өгсөн. Иймд бид хаврын чуулганд сонгуулийн хуулийг батлах асуудлыг ярьж байгаа.

Ард иргэдийн төлөөллийг гаргаж байгаа гэдэг утгаараа сонгуулийг ямар механизмаар явуулах вэ гэдэг нь иргэдийн өөрсдийнх нь гарт бий. Тийм учраас өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурж, ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн бариад байна.

– Гэтэл хамгийн хэрэгтэй энэ үед намын залуу боловсон хүчнийг бэлддэг НАМЗХ-ны гишүүд насны босгоос үүдээд хоёр тал болчихоод байна. Энэ нь эргээд ардчилсан намынхны өгөөш болохгүй гэсэн баталгаа бий юу?

– Залуучуудын холбоонд хагарал гарсан гэж үзэхгүй байна. Нэгдүгээрт, Г.Тэмүүлэн дэд сайд 35 насныхаа босгыг хангаж байгаа. Хоёрдугаарт, Их хурлаа хийх бэлтгэл ажлын хүрээнд ойлголцоно гэж харж байна.

МАН бол Социнтерны гишүүн нам. Социнтерны дэргэдэх залуучуудын холбооны насны хязгаар 35. Тэр утгаараа манай улсын залуучуудын байгууллагуудын насны хязгаар ч 35 байх ёстой. Энийг хэн нэг хүн дур мэдэн өөрчлөх боломж байхгүй.

– Өөрчлөх боломжгүй гэснээс удахгүй НАМЗХ-ын V их хурал болно. Гэтэл энэ хугацаанд ажлын хэсэг 7, 8 хуралдаад ч бэлтгэл ажлынхаа шийдэлд хүрч чадахгүй байна гэх. Таныг залуучуудын холбооны гишүүн байх үед их хурлын бэлтгэл ажлыг хэдий хугацаанд хангадаг байсан бэ?

– Залуучуудын холбоо бол манай намын ирээдүй. Дотроо ямар нэгэн асуудал байгаа бол харилцан ярилцаад шийдвэрлэх ёстой. МАН-ын намын дэргэдэх залуучуудын холбоо анх 1994 онд байгуулагдсан, яг НАМЗХ нэрээр 1997.04.05 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Нэг ёсондоо хүнээр бол эрийн цээнд хүрч байгаа. Шинэ цагийн МАН-ын хөгжил дэвшил, алдаа онооны дундуур хамтдаа явж байгаа залуучууд, боловсон хүчнээ бэлтгэх бол бидний нэн тэргүүний асуудал.

Тийм учраас НАМЗХ-ын энэ асуудал зөвхөн цөөн хэдэн хүний хоорондын асуудал биш. Эргээд МАНамд харьяалагдаж байгаа 100 гаруй мянган гишүүд, 670 мянган залуучуудын эрх ашиг, цаашлаад нийгэмд монголын улс төрийн соёл, төлөвшлийг харуулж байгаа хэрэг. Энэ утгаараа залуучууд, намын бүлгүүд юу хүсч байна гэдгээр үйл ажиллагаагаа чиглүүлж, зарчмаа барьж явах ёстой.

 – Бусад залуучуудын байгууллагыг бодвол НАМЗХ орон нутгийн залуучууд руугаа нэлээд анхаарч, тэдний улс төрд орж ирэх боломжийг нээж өгдөг юм шиг санагддаг.

– Бусад байгууллагын боловсон хүчнийг бодвол МАН-ын залуучуудын холбоо бий болсноорооо хэний ч хүүхэд, баян ч бай, ядуу ч бай хамаагүй өөрөө л мэдлэгтэй, чадалтай байвал үеийнхэн дотроо манлайлж, улс төрд гарч ирэх үүд хаалгыг нээж өгсөн.

Өнөөдөр бусад олон намд, жишээлбэл АН-д аль нэг дарга, тодорхой бүлэглэлд заавал элсч байж улс төрд ордог механизм үйлчлээд байдаг. Гэтэл Герман, Англи, Хятад, Орос, Америкт ч улс төрийн намууд нь дэргэдээ залуучуудын байгууллага үүсгэж, залуучуудыг улс төрд бэлтгэн оруулж байна.

Өнөөдөр яагаад улс үндэстнүүд Америк руу хошуураад байна. Тэнд Америк мөрөөдөл байна. Ямар ч орчинд төрж өссөн бай залуу хүн өөрөө зүтгээд, зөв сэтгэлтэй байж чадвал урлаг спорт, бизнесийн салбар, цаашлаад ерөнхийлөгч ч болж болдогийн жишээ байгаа.

Тийм учраас миний хувьд ганц хүсч явдаг юм бол “Монгол мөрөөдөл”-ийг бий болгох. Нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаа явуулахдаа монголын ирээдүй болсон залуучуудад байнга боломж бий болгож байх ёстой. Ямар ч залуу хүн өөрөө л хөдөлмөрлөдөг, зөв үнэт зүйлтэй, зүтгэлтэй байж чадвал дандаа урд талд нь боломж нээгддэг байх учиртай.

– Тэгвэл, энэ “Монгол мөрөөдөл”-ийг юу бий болгох вэ?

– Үүнийг намуудад бий болгодог улс төрийн механизм бол залуучуудын байгууллага. Залуучуудын байгууллагын үйл ажиллагаа муу явагдаад байвал механизмаар, зарчимаар, үнэт зүйлээр хүн гарч ирдэггүй. Нэг лидер дагаж, нэг паракци дагаж гарч ирж байгаа нь өөрөө залуу хүн өсч дэвжихэд, тодорч гарч ирэхэд хүндрэл үүсгэдэг.

Улс төрийн намд үнэт зүйл, үзэл баримтлал, зарчим байх ёстой. Дээрээс нь хөгжлийн бодлого хөтөлбөр нөгөө талд тэрийг хэрэгжүүлэх боловсон хүчний нөөц байх ёстой. Тэгэхээр хүний нөөцөө хэр сайн бэлдсэн улс төрийн хүчин л ард түмний дунд “Монгол мөрөөдөл”-ийг бий болгоно.

Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

Эх сурвалж: today.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …