Тариалангийн тухай хуулийн хэлэлцүүлгийг ХХААЯ-аас өнөөдөр зохион байгууллаа. Газар тариалангийн хуулийг анх 2004 онд баталсан байдаг ба түүнээс хойш 2006 онд ганц л нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. Энэ удаагийн тариалангийн хуулийн төслийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг батлуулсанаар нааштай олон үр дүн гарах юм.
Үүнд: Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож өгөх
Бүс нутагт үйл ажиллагаа явуулах дэглэмийг тодорхой болгох
Эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломжоор хангах
Техник технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх
Хөрсийг хамгаалж үржил шимийг сайжруулах зэрэг мөн тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоож тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, эзэмших, хамгаалах газар тариалан болон мал аж ахуйн харилцан хамааралтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгаж байгаа аж. Ингэснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах мөн малчид, тариаланчидын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах боломжтой болох юм.
Тариалалт ургацын хэмжээ жил дарааллан нэмэгдэж байгаа ба дотоодын улаан буудай болон төмсний хэрэгцээг 100 хув хангах боломж бүрдсэн байна. Гэвч үйлдвэрлэл тогтворгүй байгаагийн улмаас хэрэгцээт улаан буудайн 80 хувийг, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээний 54 хувийг л хангаж байна. Судалгаагаар нийт тариалангийн талбайн 72 хувь буюу 470 орчим мянган га талбай үржил шимийн доройтолд орсон нь тогтоогдсон. Иймээс тариалангийн бүс нутгуудад анхаарах зайлшгүй шаардлага тулгараад байгаа тул ийнхүү ХХААЯ Тариалангийн тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа аж.
Хэлэлцүүлэгт ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, дэд сайд Б.Батзориг, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ариунболд, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан , Тариалан эрхлэгчийн холбоод, төрийн бус байгууллагууд мөн тариалан эрхлэгч аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.
Б.Нараа