Шинэчлэлийн салхи ба “толгойгүй” залуусын үйлдэл

man-aaaaaaaaaaaa Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсантай зэрэгцээд л МАН-ын залуус намынхаа удирдлагуудыг дахиад л шүүмжлээд эхэллээ. Дахиад гэж байгаа учир нь намын залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө, энэ хаваржингаа л намынхаа удирдлагуудын зүг цамнаж, огцрохыг шаардсаар ирсэн юм. Тэр байр суурин дээрээ ч байгаагаа одоо илэрхийлж байна. МАН-д шинэчлэлийн тухай яриа сүүлийн хоёр жил эрчимтэй яригдаж ирсэн ч, үнэхээр бодит байдал дээр шинэчлэгдсэн үү гэдэгт эргэлзэж байгаагаа одоогийн удирдлагууд нь ч нуухгүй байна.

МАН-ын залуу гишүүд өчигдөр “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулснаа зарлав. Тус “Шинэчилье” хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайхан, МАН-ын Нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ,  НАМОХ-ны Ерөнхийлөгч Б.Амарсанаа,  Бага хурлын гишүүн Б.Ганхуяг, Н.Батсүмбэрэл, Т.Сайнжаргал, Ж.Мөнхбат, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан нарын 20 гаруй залуучууд нэгджээ.  Тэдний тайлбарласнаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн юм.

“Шинэчилье” хөдөлгөөний залуус МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс гадна, өмнөх УИХ, Нийслэл, Орон нутгийн сонгуульд дараалан амжилтгүй оролцсон нь хөрөнгө мөнгө идсэн ууснаараа дуудуулдаг муу нэртэй хуучин удирдлагууд, авлига хээл хахуулын хэрэгт холбогдсон намын зарим гишүүдтэй холбон тайлбарлалаа. Иймд намын нэр хүндийг унагаж буй тэдгээр гишүүдийг намаасаа зайгаа авахыг залуучууд сануулж буй ажээ. Залуучуудын гаргасан уриалгаас ийн ойлгогдохоор байгаа юм. Намдаа шинэчлэл авчрах хүсэлтэй тэдгээр залуус таван зүйлийн уриалга гаргаж байгаагаа тайлбарласан.

 “Намынхаа Бага хурлыг энэ сарын 8-ны өдрөөс өмнө хуралдуулж, 27-р их хурлын  тов зарлах, намын даргыг сонгох, намын гишүүд, дэмжигчид, олон нийтийн дунд үндэсний хэмжээний нээлттэй сунгаа зохион байгуулах, намын үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, ёс зүй, хариуцлагын зарчмуудыг шударга, ил тод, болгон шинэчлэх, Авлигын гэмт хэрэгт холбогдсон намын нэр бүхий зарим гишүүдээс болж МАН-д итгэх ард түмний итгэл дэмжлэгийг алдсан нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, улс төр, ёс зүйн хариуцлага тооцон авлигагүй нам болохыг намын бүх шатны байгууллагууд удирдлага,  сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх” гэсэн уриалга багтжээ.

МАН-ын залуучуудын мэдэгдэлээс гадна намын ЕНБД Г.Занданшатарын өнгөрсөн баасан гаригт хийсэн мэдэгдэл ихээхэн анхаарал татахаар байгаа юм. Тэрээр “Бид намын шинэчлэлийн их хурлаараа намын санхүүжилтын асуудал, авлигын асуудлыг хөндөнө. Энэ утгаараа намын удирдлагад ажиллаж байсан, УИХ-д сонгогдон ажиллаж байсан хүмүүсийн ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ. Аливаа асуудалд холбогдсон хүмүүс нь шалгуулж, Ардын намд мууг нялзаах гэсэн асуудлыг таслан зогсооно” хэмээн мэдэгдэв.

Намын ЕНБД-ын дээрх мэдэгдэл нь намын даргын хамтын шийдвэр байсан гэсэн тайлбарыг хийсэн. МАН-ын залуучууд болон одоогийн намын удирдлагуудын дээрх мэдэгдлүүдээс харахад хуучин удирдлагуудаа намын одоогийн дарга нар нь шүүмжлэх аястай, намынхаа одоогийн удирдлагуудыг залуучууд нь шүүмжилсэн дүр зураг харагдаж байгаа юм.

МАН-ын генсек “Намын удирдлагад ажиллаж байсан, УИХ-д сонгогдон ажиллаж байсан хүмүүсийн ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ, хариуцлага тооцно” гэж байгаа бол залуучууд нь “Сүүлийн хоёр сонгуульд дараалан ялагдуулсан намын удирдлагууд бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлээд байна.

Дүгнэлт

Хуучин удирдлагуудаа одоогийн дарга нар нь, тэднийгээ нэн шинэ үеийн залуучууд нь шүүмжилж, хариуцлага тооцох тухай ярьж эхлээд байна. Сонирхолтой нь намынхаа нэрийг өөрчилж, их ялагдалын эхлэлийг тавьж байсан ЕНБД асан У.Хүрэлсүхийн өндийлгөж өсгөсөн нэн шинэ үеийн залуус одоогийн удирдлагаа унагах гэж байгаа нь ичгүүртэй ч юм шиг. У.Хүрэлсүхийн даалгавраар хөдөлдөг, өөрийн үзэл бодолдоо үнэн ч биш залуусыг шинэчлэл хийнэ гэж итгэхэд бэрх болов уу. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын намдаа үлдээсэн “муу нэр, луу данс”, хэзээ ч байгаагүйгээр ретинг нь унасан МАН-ыг босгох гэж зүтгэж яваа одоогийн удирдлагууд руу У.Хүрэлсүхийн цэргүүд ингэж дайрах нь ичгүүртэй биш гэж үү. 90 жилийн түүхтэй МАН муудлаа гэхэд Н.Номтойбаяр, О.Содбилэг, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, Б.Амарсанаа,  Д.Амарбаясгалан нарын залуусаар шинэчлэл хийлгүүлнэ гэж юу байхав. Тэдэнд шинэчлэл гэхээсээ илүүтэй намын дарга, генсекийн албан тушаал нүдэнд нь харагдаад байх шиг байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэтэй хамт хэн намынхаа төлөө дуу хоолой болж явсан бэ. Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн сонгуулийг эргээд харья. МАН-ын лидерүүдээс Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд нар хаачив. Намын дарга Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нараас өөр хэн ч аваргын дэргэд байсангүй. Дээрх чангаар хашгирч байсан залуус хаа байв. У.Хүрэлсүхийн төлөө “Сүх”-ийн талбайд учир утгагүй хашгирч байсан эдгээр залуус, аваргыгаа дэмжээд ганц аймаг суманд үг хэлж харагдсангүй. Тиймээс тэдэнд Ерөнхийлөгчийн сонгуульд муу оролцлоо гэж одоогийн удирдлагуудаа шүүмжлэх эрх байхгүй. Харин ч намын удирдлагууд чадлаараа л хүчин зүтгэлээ.

Намын дарга, ЕНБД нарын хэлсэнчлэн хуучин удирдлага, намынхаа нэр хүндийг унагасан намын албан тушаалтнууддаа хариуцлага тооцох тухай ярьж, байгаа нь зөв биш гэж үү. Их ялагдал одоогийн удирдлагууд гэхээсээ илүүтэй, хууччуултай холбоотой биз ээ. Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд намын нэр хүнд, авлигад идэгдсэн нам гэсэн муу нэр нь нэр дэвшигчийг унагалаа гэж байна. Үнэний хувьтай. Тиймээс намын удирдлагуудын хуучин муу нэртэй эрхмүүдээ хуу цэвэрлэх ёстой гэсэн үг цухуйлгаж байгаа нь зөв шийдвэр байх шүү. Намынхаа нэр хүндийг өдий хүртэл унагаж, намынхаа нэр хүндээр хэтэвчээ дүүргэж ирсэн эрхмүүдээс салснаар МАН шинэчлэл хийхийн нэг ажил нь байх болов уу.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …