ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрөөр төв аймаг болон Дархан-Уул аймгийн газар тариалангийн бүс нутгаар очиж, хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцлаа. Цаг агаарын нөхцөл айдлаас шалтгаалан зарим бүс нутагт тариалалт хожуу эхэлсэн ч хугацаандаа дуусч байгаа сайн мэдээг тариаланчид дуулгалаа.
Га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна
Төв аймгийн хувьд энэ онд нийт 64 мянган гад үр тариа, 4500 га талбайд төмс, мянга гарай га-д хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн байх юм. Мөн 70 мянган га-д уринш бэлтгэхээр болжээ. Хэрэв энэ зорилтоо 100 хувь хэрэгжүүлж чадвал, өнгөрсөн оныхоос илүү арван ургац авах боломж бий гэдгийг Төв аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн хэлж байлаа. Төв аймгийнхан тариалалтаа энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдрийн байдлаар хаврын тариалалт 74 хувьтай байсан юм. Энэ сарын сүүлч гэхэд тариалалт бүрэн дуусна гэдгийг тус аймгийн жаргалант сумын Засаг дарга Д.Ганболд хэлсэн юм. Тус аймгийн Цээл сумын хувьд 200 гаруй өрхийн тариалан эрхлэгчтэй буюу бусад сумдыг бодвол харьцангуй олон өрхийн тариаланчтай. Тиймээс теник тоног төхөөрөмжийн хүрэлцээ бага байдаг тул тэд нийлж, хоршоо байгуулан, дундаа техник тоног төхөөрөмж худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа гэж тус сумын засаг дарга тэмдэглэсэн. Мөн томоохон аж ахуй нэгжээсээ тоног төхөөрөмжийн туслалцаа авдаг нь тариалалтын ажилд ихээхэн нэмэр болдог гэсэн. Цээл сумын хувьд өнгөрсөн онд аймагтай хамгийн их ургац авч аймгийн аварга болжээ. Энэ жил аваргаа хадгалж үлдэх, өнгөрсөн жилээс илүү ургац авахын тулд ихээхэн хөдөлмөр гарган ажиллаж байгаа юм байна.
Жаргалантын төмс брэнд хэвээрээ
ХХААЯ-ны ажлын хэсгийнхэн зөвхөн улаан буудайн тариалантай танилцсангүй, Жаргалант сумын төмсны аж ахуйн тариалалт хэрхэн үргэлжилж байгаатай ч танилцсан юм. Жаргалтантын шар төмс нэрээрээ брэнд болсон төмсөөр улсын нийт төмсний хэрэгцээний 20-25 хувийг хангадаг. Тус сумынхан сүүлийн арав гаруй жил Монгол төмс хөтөлбөртэй хамтран ажиллаж, төмсний үрээ шинэчилж байгаа. Одоогоор 5-7 төрлийн сортын төмс тарьж байгаа гэж Жаргалант сумын засаг дарга Д.Ганболд хэлж байлаа.
Мал аж ахуй ба газар тариалан
Анх 2004 батлагдаж, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл яг одоо санал авах болон хэлэлцүүлгийн шатандаа яваа. Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга орон нутагт ажиллахдаа Н.Ариунболд нар хуулийн төслийн шинэчилсэн найруулгаа тариалан эрхлэлчдэд танилцуулан, тэдний санал бодлыг сонсч байсан юм. Тариаланчдын хамгийн их ярьж байсан асуудал нь газар тариалангийн талбай болон малын бэлчээрийг салгаж, тариаланчид болон малчдын хоорондын маргаан байлаа. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хуульдаа тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм. Нөгөө талаас газар өмчлөлийн асуудлыг илүү тодорхой болгох нь тариаланчдад дөхөмтэй ч сануулсан юм.
Ургамал газар тариалангийн хүрээлэн
Манай улсад ганцдаа тооцогдох шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэг бол Ургамал газар тариалангийн хүрээлэн юм. ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг уг хүрээлэнгээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Ту хүрээлэнд ургамлын үрийн банк болон генийн банк, үр шинжилгээний лаборатори болон бусад ургамал газар тариалантай холбоотой судалгааны төв байдаг. Тус төвийнхөн цаашдийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон тариалангийн тухай хуульд оруулах өөрсдийн саналаа ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм. Тариалангийн тухай хуулийн асуудал яригдаж байгаа энэ үед үрийн тухай хуулийг ч мөн ярих ёстой гэж үзэж байгаагаа тус хүрээлэнгийн захирал онцолсон. Тус хүрээлэнгийн хувьд төсвөөс санхүүждэг учраас хэрэгтэй техник, технологио авч чаддаггүй, өөрсдийн хэр чадлаараа судалгаагаа хийж байгаа ч бусад хувийн аж ахуй нэгжүүдээс илүү гарч чаддаггүй гэдгээ хэлж байлаа.
Ийнхүү Хүн хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон албаны бусад хүмүүс оролцсон хаврын тариалалтын явцтай танилцах нэг өдрийн ажил дууслаа. Ямартай ч газар тариалан эрхлэгчдийн зүгээс гарсан хүндрэлгүй, ажил амжилттай урагшилж байгааг сонсоход таатай байлаа. Мөн энэ намар гэхэд ирэх оныхоос дутахааргүй ургац авна гэдэгтээ ч тариаланчид итгэлтэй байсан юм.