Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой.
Гэтэл энэ эмийг ОХУ-ын “Акрихин” эмийн үйлдвэрт савласан гэсэн хаягтай, бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр зах зээлд худалдаалж байна.Улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй Диакарб эмийн савлагаанд ОХУ-ын “Акрихин” үйлдвэрт үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй, хэрэглэх арга, зааварын бичилт, үйлдвэрлэсэн огноо, цуврал, бүртгэлийн дугаар, эмийн найрлагын бичилт байгааг анхааруулья.
Цаашид эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг импортлох, худалдах, хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна. Манай улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Ингэхдээ эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлэн эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмийг бүртгэдэг юм.