Та мемори картан дээрх бүх мэдээллээ устгаад Андройд утсаа зарсан ч таны текст мессеж, и-мэйл, гэрэл зургууд, тэр бүү хэл Фэйсбүүкийн нууц үг чинь хүртэл утсанд үлдсэн байх магадлалтай юм байна. Андройд үйлдлийн системтэй утсанд ”Factory Reset” хийх буюу бүх тохиргоог үйлдвэрээс анх ирсэн төлөвт нь буцаасан ч зарим мэдээлэл үлддэг гэж Кэмбрижийн Их Сургуулийн компьютер судлаачдын хийсэн саяхны судалгаанд бичжээ.
Судлаачид “Гүүгл”, “Эйч Ти Си”, “Эл Жи”, “Моторола”, “Самсунг” компанийн үйлдвэрлэсэн 21 өөр ухаалаг утсыг шалгаж үзсэн байна. Бүх тохиолдолд тэд текст мессеж, Гүүгл эккаунтын нууц мэдээллийг сэргээж чаджээ. Харин цахим шуудангаар ирсэн захидлын 80 хувь нь утсанд үлдсэн байсан гэж судлаачид хэлжээ.
Үүнээс гадна Фэйсбүүк, бусад сошиал медианы аккаунт руу нэг зэрэг оруулдаг тусгай эппликэйшний мэдээлэл хадгалагдан үлджээ. Зарим тохиолдолд, төхөөрөмж утасны гэрэл зураг, дүрс бичлэг хадгалдаг хэсгийг бүрэн цэвэрлэхгүй байсан гэнэ.
“Эйч Ти Си-Уон”, “Эйч Ти Си-Уон Сенсэйшн Экс И”, “Моторола Разр-1”, “Самсунг Галакси Эс”, “Самсунг Галакси Эс 2”, “Самсунг Галакси Эс Плас” болон бусад утсанд ийм алдаа гарчээ. Шалгалтанд орсон утаснуудаас “Гүүгл Нексус-4” утас мэдээллийг хамгийн сайн устгажээ.
Та мэдээллээ нийтээр нь, эсвэл нэг нэгээр нь устгасан ч утаснаас бүрэн устсан гэх баталгаа байхгүй гэдгийг Кэмбрижийн Их Сургуулийн компьютер судлаачид сануулж байна. Хуучин ухаалаг утасны зах зээл асар том бөгөөд 630 сая орчим Андройд утсанд ийм асуудал байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа юм.
Хэрэв таны утсанд нууц мэдээлэл хадгалагдсан бол хуучин утсаа зарж борлуулалгүй устгах нь аюулгүй алхам болно гэж Норвегийн кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Пер Торшейм зөвлөжээ.