Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа.
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж, улс төрөөс хараат бусаар бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгожээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталснаар Хөгжлийн банк байгуулагдсан. Үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд одоо мөрдөж буй хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгож, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.