Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигын эсрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж хэрэгжүүлсэн утаагүй зуух төслийн талаар танилцуулж, санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирж, уулзаж байгаад баяртай байна. Нийслэл Мянганы сорилтын корпорацитай олон зүйлд хамтран ажилладаг. Үүний нэг нь танай корпорациас санхүүжүүлж, хамтран хэрэгжүүлсэн утаагүй зуух төсөл юм. Уг төсөл нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чухал хувь нэмэр болж байгаад таатай байна. Нийслэлээс авлигатай тэмцэх чиглэлээр олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард “Нээлттэй Улаанбаатар” олон улсын авлигын эсрэг форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан. Мөн нийслэлийн ИТХ-ын Хуралдаанаар “Нийслэлийн авлигын эсрэг хөтөлбөр” – ийг баталсан нь авлигатай тэмцэхэд чухал түлхэц болсон” гэлээ. Мөн тэрээр Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн талаар танилцууллаа.
Харин Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайд Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдээс танилцуулсанд талархал илэрхийлээд цаашид нийслэлтэй хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ- ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.