Азийн залуучуудын XIII ерөнхий Ассамблейн Нэг Ази нэрийн доор зохион байгуулагдсан бөгөөд хурэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчиддөө зориулан Бэсрэг наадмыг зохион байгууллаа. Бэсрэг наадам нь Цонжин болдог цогцолборт болсон бөгөөд Монгол Ардын уртын дуу Хэрлэнгийн барьяагаар эхэлж, Морин хуурын татлага, Баяд бүжиг бүжгээр үргэлжилж наадамчин олны уухайн дуун дунд дунд ёслол төгөлдөр өрнөсөн юм.
Үүний дараагаар хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харваа зэрэг үндэсний ёс жаягийг сурталчлан таниулах олон сонирхолтой үйл ажиллагаа болсон юм. Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан н.Мөнх-эрдэнэ түрүүлж ,залуу бөх н.Амартүвшин үзүүрлэсэн бол морьдын уралдаанд айрагдсан хурдан хүлгүүд 5-уулаа нэг хүний уясан морь байж наадамчин олныг шуугиуллаа.
Ийнхүү айрагдсан морьд, үзүүр түрүүнд шалгарсан бөхчүүдийн шагналыг Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Дэлхийн Залуучуудын Ассамблейн ерөнхий нарийн бичгийн дарга Эдиола Пашоллари, Азийн Залуучуудын Зөвлөлийн Дэд ерөнхийлөгч Жий Сэн Сүн , Монголын Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгч Д.Амарсайхан нар шагнал гардуулснаар Бэсрэг наадам өндөрлөлөө.