Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд танигдаад байгаа билээ. Тэгвэл эдгээр төслийн үргэлжлэл болгон Ерөнхий боловсролын шилдэг сурагчдыг Полиси төвийн Залуучуудын Хөгжлийн Сургуульд эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөрөөр сургах “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 118 сургуулийн урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн шилдэг 999 сурагчид хамрагдах юм.
Уг төслийг эхний ээлжийг Хан-Уул дүүргийн Залуучуудын Холбоо хамтран Хан–Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Лувсанвандан сан ” ажиллаж байгаа аж. Хан-Уул дүүргийн “Шилдэг сурагч-999” төсөлд хамрагдсан сурагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрсдийн ирээдүйн зорилгоо тодорхойлон Монголынхоо үнэ цэнэтэй нэгэн иргэн болоход суралцаж байна.
Төслийн хүрээнд сурагчид компанит ажил хэрэгжүүлж дүүргийнхээ хөшөө дурсгалыг сэргээн засварлах, өөрсдийнхөө уншиж байсан номнуудыг бусад хүүхдүүдийн оюунд нь хөрөнгө оруулалт хийн хандивлах зэрэг нийгэмд хэрэгтэй сайн үйлсийн аяныг зохион байгуулж бүтээлч иргэд болон төлөвшиж байна. Эхний ээлжинд Хан –Уул дүүргийн 200 шилдэг сурагч хамрагдахаар төлөвлөж байгаа ба одоогоор төслийн хүрээнд 130 шилдэг сурагч төгсөлтөө хийгээд байна.