Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

DSC_5200Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулав.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав илтгэлдээ, тухайн улсын эрүүгийн эрх зүйн тогтолцооны шударга байдал нь хууль зүйн тогтолцоо нь бүхэлдээ шударга эсэхийг үнэлэх шалгуур болдог. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг зарчмуудыг бүрэн хэрэгжүүлэх үндэслэл, нөхцөл, журмыг тогтоож боловсруулсан гэдгээ онцлов.

Мөн уг хуулийн төслийг боловсруулахад эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажил болон холбогдох байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг судалж үндэслэл болгосон, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох олон улсын гэрээ конвенцийг судалж, түүнд нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан.Түүнчлэн бусад орны эрүүгийн процессын хуулийг судлан харьцуулалт хийж, харгалзан үзсэний зэрэгцээ хуулийн төсөлд 32 байгууллагаас 612 санал ирүүлснийг судалж тусгасан гэдгийг дурдлаа.

Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс баримт бичгийг бүрдүүлэх, хүргүүлэхэд баримтлах журмыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдыг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан заасан. Цагдан хорих арга хэмжээг тухайн хүнийг албадах, шийтгэх хэрэгсэл болгон ашиглахыг халах зорилгоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт, үндэслэл бий болсныг үндэслэн прокурор яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэсний дараа яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтыг оруулсны зэрэгцээ таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд өөрчлөлт оруулж, хэрэглэх үндэслэл журмыг тогтоож өгсөн. Түүнчлэн цагдан хорих ажиллагаанд шүүхийн зүгээс шуурхай, хараат бус, хөндлөнгийн хяналт тавих нь энэ үе шатанд дур зоргоор баривчлах, хорих болон зүй бусаар харьцах эрсдэлийг арилгах чухал хүчин зүйл учраас яллагдагчид цагдан хорих арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг хийхээр тусгалаа. Шүүхийн хэлэлцүүлэгт эрхээ хязгаарлуулсан яллагдагч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, прокурор оролцохоор зохицуулсан талаар хууль санаачлагч танилцуулав.

DSC_5212Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Ц.Оюунбаатар, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, З.Баянсэлэнгэ, Н.Энхболд, М.Батчимэг, Л.Энх-Амгалан нарын гишүүд Хууль зүйн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулав. Асуулт асууж тодруулсан гишүүд энэ хуулийн төсөл нь хуулийн салбарын шинэтгэлийн амин сүнс болох чухал ач холбогдолтой, олон нийтийн дунд хүлээлт үүсгэж байгаа шинэтгэлийн шинжтэй гол хуулийн төсөл гэдгийг онцлоод хуулийн төслийн зарим зохицуулалтыг тодруулж хариулт авсан юм.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжиж, одоо байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд байгаа. Харин уг хуулийн төслийг процессын тухай хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Төслийг боловсруулахдаа хүний эрхийг хамгаалж баталгаажуулах, өнөөгийн бодит байдалд дүгнэлт хийх, нөхцөл байдлыг сайжруулах чилэл барьж ажилласан. Энэ үндсэн дээр процессын үйл ажиллагааг өмнө нь гурав хуваасан байсныг хэрэглэхэд хялбар дөхөм, ойлгомжтой болгох үүднээс нэгтгэж нэг хуулийн төсөл болгосон гэдгийг хэлэв. Мөн сэжигтэн гэдэг нэрээр хүнийг нэг цаг ч шалгаж байцаах боломжгүй болж байгаа. Харин тодорхой хэргийг мөрдөн шалгаж гэм бурууг тогтоох үүднээс хорих дээд хугацааг 18 сар болгож өмнөхөөс нэлээд багасгасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл, хэсгээр тогтоож байсныг өөрчилж, гэм буруугаа сайн дураараа хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахаар тусгаж, энэ ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулах шаардлагыг тусгаж өгсөн. Түүнчлэн өсвөр насны хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шийдвэр гаргахад түүний хууль ёсны эрх ашгийг хангахад анхаарч, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас шуурхай богино хугацаанд явуулах боломжийг шүүх хангаж ажиллах зэрэг зарчмын шинжтэй зохицуулалтууд тусгасан гэсэн хариулт өгсөн юм.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …