Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулсан юм.
Энэ үеэр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Эрчим хүчний хуулинд цахилгаан хэрэглэдэг бүх байгууллага нөөц эх үүсвэртэй байх ёстой гэж заасан байдаг. Тиймээс Замын хөдөлгөөний удирдлагын төв камер, гэрлэн дохиондоо цахилгааны нөөц эх үүсвэр байрлуулах хэрэгтэй.
Нийслэлийн 9 дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтэс дүүргийнхээ хэмжээнд байгаа усан оргилууруудаа ажиллуул. Ажиллах боломжгүй нь ачиж, бүртгэлээсээ хасан орчныг бохирдлыг нь цэвэрлэ. Иргэдээс хороолол дундах зам засвартай холбоотой гомдлууд ирсэн байна. Гэр хороолол дундах замыг дүүргүүд хариуцана. Тиймээс иргэдийн хүсэлтийг судлан шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн юм.
Хурлын төгсгөлд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас нийтийн эдэлбэр газар, явган хүний замыг хааж өргөтгөл хийсэн аж ахуйн нэгжүүдийн байршлуудын талаар мэдээлэл өгсөн. Эдгээр байршлуудыг цэгцлэх талд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснээ Нийслэлийн 9 дүүргийн Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга нар дараагийн шуурхайд танилцуулах юм.