Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын гавьяат жүжигчин, тус сангийн элч дуучин Т.Ариунаа нар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберт Бэнес хамт ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашдаа илүү үр дүнтэй ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.
Дуучин Т.Ариунаа 2001 онд анх Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Үндэсний элчээр томилогдож, АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхдүүд” дууг дуулж байсан билээ.
Үүнээс хойш Элч дуучин Т.Ариунаа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийсэн байна. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангахад чиглэсэн хэд хэдэн ажил өрнүүлээд амжсан юм. Тэр дундаа “Хүүхдэд ээлтэй аймаг” хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлсэн байна.
Тэгвэл ирэх 2 жилд дахин хамтран ажиллахаар болж гэрээнд гарын үсэг үзэглэлээ.
Манай улсад нярайн эндэгдлийн бууралт удаашралтай байгаа буюу 5 настай хүүхдийн дунд гарах нийт эндэгдэл 42 хувийг эзэлж байна гэдгийг дуучин Т.Ариунаа онцлоод энэ чиглэлд түлхүү анхаарач ажиллахаа илэрхийлсэн юм.
Монгол Улсад нярайн нас баралтын 75 хувь нь төрсний дараах эхний 3 хоногт, ялангуяа дийлэнх нь төрсний дараах эхний 24 цагт тохиолдож, гол шалтгаан нь дутуу төрөлт, бүтэлт, халдвар байдаг гэж мэргэжилтнүүд үздэг байна. Монголд бараг бүх төрөлтийг (99%) эмнэлэгт, мэргэжлийн ажилтнууд удирдан төрүүлж байгаа хэдий ч төрсний дараах эхний хоногт нярайд үзүүлэх нэн шаардлагатай тусламжийн чанарыг сайжруулах хэрэгтэй байгааг харуулж байгаа юм. Иймээс Эрүүл мэндийн салбар “Нярайн нэн шаардлагатай тусламж 2014-2020” стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа аж. Энэ төлөвлөгөөг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран боловсруулж, 2014 оноос хойш хэрэгжүүлжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберт Бэнес: НҮБ-ын зүгээс дуучин Т.Ариунаад цаашдаа хамтран ажиллах гэрээг байгуулах санал тавьлаа. Энэхүү гэрээ 2 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд маш олон ажлыг хамтран хийхээр гэрээнд тусгагдсан. Бид 2003 оноос хойш маш амжилттай ажиллаж ирсэн
Өнгөрсөн хугацаанд дуучин Т.Ариунаатай хамтран ажиллахад маш таатай байсан бөгөөд бүтээлч санаачилгатай, идэвхитэй гэдгийг хэлэхэд таатай байна. Бид ирэх 2 жилд нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр илүү түлхүү хамтарч ажиллана. Учир нь 5 настай хүүхдийн дунд гарах нийт эндэгдэл 42 хувийг эзэлж байна. Тиймээс энэ талаарх мэдээллийг олон хүнд хүргэх үүднээс сургалт, зөвөлгөөг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бид хамтдаа аль болох олон хүүхдийн амь насыг аврахын төлөө ажиллаж байна. Энэ мессежүүдийг авснаар нэг ээж ч хүүхдийн эндэгдэлээс урьдчилан сэргийлж чаддаг болох юм бол бидний хувьд амжилт болно. Ингэснээр хүүхдүүдийн эндэгдэл буурч Монгол Улсын хүн ам улам олон болох юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа:
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах ажиллагаагаа албан ёсоор шинэ шатанд гарган ажиллах гэж байгаадаа маш их баяртай байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилогдсоноор би эх хүний, эмэгтэй хүний хувьд үүргээ биелүүлж сайн дураараа ажиллах гэж байгаа юм. Энэ байгууллагын үйл ажиллагаа 2001 оноос эхэлсэн. Энэ үед дэлхий даяар “Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе” уриатай хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Энэ хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж орсноор хувь хүн, хувийн хэвшлийнхэн, хүн болгон өөрсдийн сайн дурыйн үйл ажиллагаан дээр хүүхдийн төлөө “ЗА” гэж хэлсэн гэж би боддог юм.
2015 онд нэн түрүүнд “Нярайн нэн яаралтай тусламж”-ийн ажлыг хэрэгжүүлнэ. Нярай хүүхэд болгонд үзүүлэх шаардлагатай хамгийн эхний тусламж бол анхны тэврэлт байдаг. Энэхүү тусламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Ази тивдээ хэрэгжүүлж байгаа 2 дахь орон болж байна. Энэхүү анхны тэврэлтийг хийснээр дутуу төрсөн, хийсвэр хийлгэсэн болон эрүүл бүх нярайд тустай юм. Эх үрийн холбоог дэмждэг, эхээс хүүхдэд дулаан дамжуулдаг, төрөх үед эхийн цус алдалтаас үүдэлтэй хүүхдийн халдвараас сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.
2002 онд хүүхдээ төрүүлж байхад бүтэн цагийн дараа хүүхдийг маань амлуулж байсан. Одоо бол хүүхдийг төрөхөд арьс арьсаар нь шүргэлцүүлэх нь зөв гэж үздэг болсон байна. Цагийн дараа биш шууд тэвэрснээр хүүхэд өөрийн зөн билгээр амлах амлагаагаа сонгох зэрэг ач холбогдолтой байдаг. Энэ асуудлыг хамгийн гол нь залуу гэр бүл, залуу ээжүүдэд ойлгуулж, таниулж, түүний ач холбогдлыг хүргэх нь бидний хамгийн гол мессеж юм.
Энэ оны судалгаагаар манай улсад жилдээ 80 мянга хүүхэд төрж байна. Гэтэл монголд дөрөвхөн эмнэлэг байна. Тус эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын хүртээмж иргэдэд төдийлөн хүрдэггүй. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Эх үрийн амлагаа буюу Анхны тэврэлт” гэсэн энэ санаачлагыг хэрэгжүүлж байгаа.
Энэхүү санаачлагын хүрээнд би ирээдүйн ээж аавуудад ойлгуулах, дадал болгон хэвшүүлэх, цаашид нярайн эндэгдэлийг багасгахад өөрийн хувь нэмрийг оруулна гэж бодож байна. Арга хэмжээг нэвтрүүлэхийн тулд өөрийн боломж бололцоогоо дайчлан ажиллана.
Б.Учрал