– Байнга үзүүлж байгаарай
Бид хүүхдээ өвдөж, уйлсных нь дараа л шүдний эмнэлэг рүү авч явдаг. Үнэндээ өвдөхөөс нь өмнө очих хэрэгтэй. Хэзээ гэдгээ сайн мэдэхгүй бол нэг нас хүрснийх нь дараанаас эхлээд шүдийг нь шалгуулж, цаашид хэрхэн яаж зөв арчлахаа заалгаж аваарай.
– Зөв зуршилд сургаарай
Шүдийг багаас нь зөв арчлах нь хамгийн чухал. Дөнгөж шүд цухуйнгуут нь нярай хүүхдийн зориулалтын зөөлөн жижиг сойзоор, эсвэл хөвөнгөөр буйлыг нь гэмтээлгүйгээр зөөлнөөр өглөө, орой бүр цэвэрлэхийг зөвлөж байна. Томрох тусам нь сойзыг нь бариулаад, өглөө орой бүр угаах ёстой гэсэн зөв зуршилд сургаарай. Эхэн үед хүүхэд тань дутуу угааж магадгүй тул энэ үед нь туслаад хамт угаах хэрэгтэй. Харин шүд угаасны дараа, ялангуяа оройн цагаар хоол, ундаа, чихэр өгөхгүй байгаарай.
Миний хувьд хүүхдийнхээ шүдийг өглөө, орой бүр сойзыг нь усанд норгож байгаад сайтар угаадаг. Оо түрхэх эсэх нь тийм ч чухал биш. Гол нь л өнгөргүй байлгах. Өнгөр их тогтсоноос болж хүүхдийн шүд цоордог гэж эмч маань зөвлөсөн юм.
– Угжнаас татгалзаарай
Угжны сүү болон хөхний сүү чихэр их агуулдаг тул хүүхдийн шүдэнд наалдаж, бактер үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг. Тиймээс болж өгвөл угжихгүй байх хэрэгтэй, угжлаа гэхэд орой нь шүдийг сайтар цэвэрлэх хэрэгтэй. Мөн хүүхдийг шөнө хөхүүлж унтах нь шүдэнд нь сөргөөр нөлөөлдөг.
– Жүүс, чихэрнээс татгалзаарай
Ундаа, жүүс зэрэг нь мөн л хүүхдийн шүдийг ихээр гэмтээдэг. Хүүхдэд 100% цэвэр жимсний жүүсийг өдөрт тал аяга өгөхөд л хангалттай. Ундаа, жүүсний оронд хярам, ус өгвөл эрүүл мэндэд нь тустайгаас гадна амны цангааг нь ч мөн сайн тайлж өгнө.
– Сонирхлыг нь төрүүлээрэй
Хүүхдэд өөрт нь тохирсон хөөрхөн элдэв зурагтай, өнгө, амттай шүдний оо болон сойзыг сонгон авч хэрэглүүлээрэй. Хүүхэд тань шүдээ угаах дургүй эсвэл угаахаасаа залхуурдаг бол угаасных нь дараа хүүхдээ зөв бөгөөд багахан зүйлээр урамшуулан угаах хүслийг нь төрүүлж болох юм шүү.
– Цагаан идээ сайн идүүлээрэй
Хүүхдэд сүү, тараг, ааруул, ээзгий… ер нь бүх л цагаан идээ сайн. Ялангуяа хатуу ааруул мэрүүлэх шүдэнд нь маш сайн. Хүүхдийн шүд бэхжихээс гадна хорхойтохоос хамгаална. Хүүхэд чихэр иднэ гэсэн үед нь чихэрний оронд чихэртэй жижигхэн хорхой ааруул өгч болно шүү дээ.