Украин, АНУ-ын хооронд хийсэн сүүлийн хэлэлцээнээс Монгол Улс юу сурч болох вэ?

Украин, АНУ-ын хооронд хийсэн сүүлийн хэлэлцээнээс Монгол Улс юу сурч болох вэ?

  1. Нэг талын хараат байдлаас зайлсхийж, бие даасан байдлыг сайжруулах

Гадны тусламжийн нөхцөл байдлаас болгоомжил. АНУ Украйн улсад үзүүлсэн тусламжаа  гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрөхийг тулгаж, ашигт малтмалтын хамтын гэрээ хийх нөхцөлтэй холбосон нь томоохон  гүрнүүд эдийн засгийн болон цэргийн дэмжлэгийг ихэвчлэн өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх хэрэгсэл болгон ашигладаг болохыг тод илэрхийлсэн үйл явдал боллоо.

Тиймээс Монгол улс гадаад улс орноос үзүүлж буй  “тусламж, дэмжлэг”-ийн цаана улс төрийн ямар ашиг хонжоо,  эрсдэл байдгийг ухамсарлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын үүднээс гадны нэг хүчинд бүрэн найдахаас зайлсхийх нь чухал. Технологийн болон эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох нь улс орны тэргүүний зорилт. Украйн улс шинжлэх ухааны судалгааны чадвараа алдсан нь гол технологиудыг гадаадаас санхүүжүүлж байсан нь зогсонги байдалд орж, эдийн засгийн хараат байдал нь технологийн хөгжлийн  үр дүнг сулруулж байна.

Монгол улс томоохон гүрнүүдийн хоорондын гэрээ хэлцлийн золиос болохоос зайлсхийхийн тулд үндсэн үйлдвэрүүд, стратегийн нөөцөө (газрын ховор элемент ашигт малтмал гэх мэт) хамгаалахад анхаарах хэрэгтэй.

2.Эрчим хүчний хараат байдлаас болгоомжил

Үр дүнг нь нарийн тооцоогүй хамтын гэрээ нь эцэстээ тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй. АНУ-Украйны хооронд байгуулсан газрын ховор элементийн ашигт малтмалын гэрээ нь Украйны нөөц баялгийг АНУ-ын цэргийн хэрэгцээнд холбосон нь томоохон гүрнүүдийн эдийн засгийн хамтын ажиллагаа нэрийн дор стратегийн хяналт тавих нийтлэг жишгийг онцолсон юм.

Монгол Улс гол салбарууддаа “галт хана” байгуулж, эрчим хүч, ховор ашигт малтмал зэрэг гол салбаруудаа гэрээ хэлцлээр дамжуулан томоохон гүрнүүд далд хэлбэрээр хянадаг болохоос болгоомжлох хэрэгтэй. Аюулгүй байдлын үүрэг амлалт нь болзолт ба цаг хугацааны хүрээнд үйлчилж байна.

Трамп Украины аюулгүй байдлын баталгаа өгөхөөс эрс татгалзаж байгаа нь томоохон гүрнүүдийн амлалт дотоодын улс төрийн салхинаас болж өөрчлөгддөгийг харуулж байна. Жишээ нь эрчим хүчний хараат байдлаас болж нөгөө улс “крантаа хаахад”  манай улс эрчим хүчний системийн уналтад орохгүйн тулд Монгол Улс хямралын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх боломжтой байх шаардлагатай байна.

3. Дотоодын улс төрийн тогтвортой байдал нь олон улсын хэлэлцээрт нөлөөлдөг

Олон нийтийн санаа бодол дипломатын тэсвэр тэвчээрийг тодорхойлдог. Хэдийгээр Зеленский “газар нутгаа өгөхгүй” гэсэн үндсэн зарчмыг баримталж байгаа нь ч түүнд хандах дотоодын дэмжлэг буурсан байна.

Монгол Улс дотооддоо хагарал үүсэхээс сэргийлж, гадаад байр сууриа сулруулахгүйн тулд ашиг сонирхлынхоо томоохон асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрэх шаардлагатай.

Томоохон улс орнуудын улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлээс сэрэмжтэй байх нь чухал бөгөөд АНУ-ын Украйны талаар баримталж буй бодлогын зөрүүтэй байдлаас үүдэн хоёр тал үе үе тусламж үзүүлэхэд хүргэсэн нь Монгол Улс бусад орны сонгуулийн мөчлөг нь хоёр орны харилцаанд үзүүлэх нөлөөг урьдчилан харж, хараат байдлаас ангижрахын тулд олон талт хамтын ажиллагааны харилцаа тогтоох хэрэгтэйг сануулж байна.

4.Түүхийн сургамжийг бодит байдалд тусгах нь

Украины өнөөгийн нөхцөл байдал нь “сул дорой орнуудад дипломат харилцаа байхгүй” гэсэн харгис дүрмийг баталж байна. Монгол Улс үндэснийхээ хүч чадлаа тасралтгүй дээшлүүлж байж л дэлхий дахинд амьдрах орон зай, хөгжлийн эрхээ хамгаалж чадна. Манай улс эрх мэдлийн төлөөх  дэлхийн “тоглолтон”-д дипломат ур чадвараа уян хатан ашиглахаас гадна хүч чадлын бат бөх суурийг үндсээр нь бий болгох хэрэгтэйг Украины хэрэг харуулж байна .

Бие даасан хөгжлийн хатуу хүчийг ямар ч дипломат мэргэн ухаан орлож чадахгүйг хэлэх нь зүйтэй.

 

 

Санал болгох мэдээ

“Күнфү Панда 4” хүүхэлдэй кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

“DreamWorks” компанийн бүтээл Күнфү Панда хүүхэлдэйн киноны дөрөвдүгээр анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн …