Та суурь нь хазайсан гэх байр худалдаж авах уу? Таны түрээслэсэн байр гэнэт удахгүй нурна гэж таныг сандаргаж буудалд шилжүүлэн нэг сарын туршид байрлуулсан бол та байрныхаа сарын түрээсийн төлбөрөө түрээслүүлэгч буюу байрны эзэнд өгөх үү. Эсвэл тэр байрнаас даруй нүүх үү? …
Нэгэн сонирхолтой хэрэг та бидний нүд, чихэнд хүрээд амжсан. Тэр нь байгалийн гамшигтай энэ зэрэгцэхүйц байшин нурна гэх мэдээлэл. 48 айл буюу 244 хүнийг Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-аар байрнаас нүүлгэн шилжүүлж сар гаруй хугацаанд буудалд байрлуулж хэсэг хугацааны дараа“та эргээд гэртээ орж болно” гэх “тэнэг” ч гэмээр үйл явдал.
“Би Жи Би Жи” компаний 18 давхар барилгын ажил 2014 оны есдүгээр сарын 22-оос эхэлсэн. Харин энэ хугацаанаас хойш долоон сарын дараа буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд гэнэт байр нурахаар болов. Тухайн үед манай төрийн удирдлагууд гэнэт ухаан орсон нь тэр. Ухаан ормогцоо байрны бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ өдрийн гурван хоол өгч “Эрхэс”, “Стар”, “247” зэрэг хэд хэдэн зочид буудалд байрлуулав. Энэ бүх зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ.
Үер, гал түймэр, зуднаас бусад байгалийн гамшиг тэр болгон тохиогоод байдаггүй манай оронд “хазайсан” гэх байшин удахгүй нурах бөгөөд байгалийн гамшигт тооцогдон онцгой байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэлт хийсэн. Дээдсүүдийн саваагүй, баатарлаг аврагч ч гэмээр юм уу судалгаагүй хийсэн нүүлгэлтээс хэчнээн иргэн хохирсон бол. Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хороонд орших 12 давхар 16-аар байранд нийт 48 айл бий. Эдгээр айлын 30 нь өрөөгөө түрээслүүлж амжиргаагаа залгуулдаг. Өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин, залуу зэрэг нийт 244 хүн өөрсдийнхөө гэрийг орхин гарахаас аргагүйд хүрчээ. Мэдээж муу мэдээ дуулгасан байрыг хэн худалдаж авах билээ. Байраа зарж бизнес эхлүүлэх гэж буй. Өвчтэй аавынхаа эмчилгээний төлбөрийг байраа зарж төлөх гэж байсан залуухан хос ч өнөөдөр асуудалд орсон байна. Байгалийн гамшиг битгий хэл ямар ч хор уршиггүй мөрөөрөө л баригдаж байсан барилгыг үндэслэлгүй зогсоож хажууханд байрласан 16-аар байрыг нурна гэх хөөсөрсөн мэдээлэл нийтэд хүргэж бүхэл бүтэн 48 айлын үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлнэ гэдэг гэмт хэрэг биш гэж үү. Харин манай хотын дарга Э.Бат-Үүл “Хууль, дүрэм, журам зөрчсөн газрыг төрийн байгууллагууд хаацайлсаар нэг нь үүрэг өгч, нөгөөх нь зөрчдөг, тэр үйлдлийг хяналтын газар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нөгөө л нэг байдал яг энэ асуудал дээр бодитоор харагдаж байна. Тиймээс иргэдийг сэтгэл санаа, эд материалаар хохирооход хүргэсэн эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоож хариуцлага тооцно” гэсэн.
Харин Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлт нь хувийн хэвшлийн байгууллага буюу “Би Жи Би Жи” ХХК-ийн буруугүйг баталчихсан. Тодруулбал: “ Эл асуудалд 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд урьдчилан гаргасан дүгнэлтээр 16 дугаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй. Харин тус байр нь баруун тийшээ буюу нүх ухсан талын эсрэг чиглэлд 4 см-ийн хазайлттай байгаа нь анхнаасаа ингэж баригдсан эсвэл ашиглалтын явцад хазайсан уу гэдгийг тогтоох боломжгүй” гэжээ. Ингээд харахад дарга нарын “саваагүй болон санаатай” хийсэн алдаанаас нэг компани дампуурлын ирмэгт ирж, 48 айл үл хөдлөх хөрөнгөгүй болж байх шиг. Хэн нэгний хурууны үзүүрт үнэгүйдсэн байр хүмүүсийн насаараа хөдөлмөр, хөлсөө дуслуулж авсан хөрөнгө юм шүү дээ. Харамсалтай нь үнэгүйдүүлсэн мэдэлтэй эрхмүүд тодорхой болсон ч өнөөг хүртэл хариуцлага хүлээлгүй “арга саам” хийсээр явна.
“Бор гэртээ богд хар гэртээ хаан” гэдэгсэн. Одоо бор, хар гэрийн маань Богд, Хаан нь дүүргийн дарга нар л болж байх шив. Гэрээс нь үндэслэлгүй хөөж зочид буудалд байлгачихаад, хэсэг хугацааны дараа “танай гэр дажгүй, зүгээр юм байна. эргээд гэртээ ор, хоолны талоноор гомдлоо тайл” гэх янзтай. Одоог хүртэл шалтгаангүйгээр гэрээсээ хөөгдсөн иргэдийн үл хөдлөх хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулаагүй байна.
Тэдэнд хэн хохирлыг нь төлөх вэ? …
Ингээд бид “алдарт” 16 байрны иргэдтэй уулзсанаа уншигчиддаа хүргье.
16 байрны оршин суугч Ч.Нармандах:
-Ер нь хэр хугацаанд гэртээ ирэлгүй буудалд байралсан бэ?
-Яг хэдэн сарын хэдэнд гэдгээ санахгүй байна. Гэхдээ 30 гаруй өдөр боллоо.
-Баянгол дүүргийн удирдлагууд энэ хугацаанд иргэдтэй ирж уулзсан уу?
-Дүүргийн удирдлага бол уулзаж байсан.
-16 байрны үнэлгээ унасан гэх мэдээлэл бодитой юм болов уу?
-Бодитой шүү дээ. Монгол улс даяар энэ байр хазайсан гээд зарлачихаар чинь үнэ уналгүй яах билээ.
-Та байраа заръя гэвэл зарагдахгүй юу?
-Мэдээж шүү дээ. Юу гэж зарагдах юм. Хэн ч авахгүй.
-Буудалд байрлаж байх хугацаанд 20 мянган төгрөгтэй дүйцэхүйц хоолны талон тараагдаж байсан гэсэн үнэн үү?
-20 мянга биш. Өдөрт 15 мянган төгрөгийн хоолны талон хүн бүрт өгч байсан.
-Ямар учраас хоолны талон өгсөн юм бол та мэдсэн үү?
-Мэдэхгүй ээ. Онцгой байдал зарласан гээд л өгсөн юм шиг байна лээ. Тэгээд ч зочид буудалд ямар гал тогооны өрөө байх биш дээ. Талоноор л хоолоо олж иднэ шүү дээ.
-“Хаан хүнс” компаний салбар зоогийн газарт хооллох талон өгч байсан гэж сонссон?
-“Хаан бууз” зоогийн газарт хооллосон.
-Танай ам бүл хэдүүлээ вэ. Зочид буудлын нэг өрөөнд багтаж байна уу?
-Манайх нялх хүүхэдтэй. Манай гэр бүлийнхэн маань айлаар л нилээн зутруу байсан даа. Би ч яахав ганцаараа “Стар” гэх буудалд байсан.
16 байрны оршин суугч: Н.Болортуяа
-Гэртээ байхад байр хазайсан мэдрэмж төрж байна уу?
-Тэгэж санагдахгүй байгаа. Тавдугаар сарын 24-ны ням гаригт гэртээ орсон. Гэхдээ л сэтгэлд сэвтэй шүү дээ.
-Буудалд байрлахад ер нь жаахан хүндрэлтэй байх аа?
-Манай гэрийнхэн буудалд ороогүй ээ. Ойр хавьд буудал олдохгүй байсан шүү дээ. Заргалдаад ч нэмэр байгаагүй зочид буудал өгөөгүй. Тэгээд ч зарим хүмүүс нь караоке мэтийн газраар хоног төөрүүлсэн. Би бол караокед сар гаруй хугацаанд хоносон.
-Хоолны талон тараасан. Таны хувьд хоолны талон хүрэлцээтэй байсан уу?
-Хоолны талон авах нь авсан. Гэхдээ хоол нь үнэхээр муу. Залуу хүмүүст л хэцүү байхад өндөр настан, хүүхдүүдэд хоол нь хэрхэн хүрсэн нь тодорхой болов уу.
-Мэдээж байрны үнэлэмж уначихсан байгаа шүү дээ?
-Байрны үнэ уначихсан. Манай байрны зарим иргэд өөрсдийнхөө байрыг 15 сая төгрөгөөр зарна гэж зар тавьсан гэж сонссон. Гэхдээ баталгаатай үнэн эсэхийг нь сайн мэдэхгүй л байна. Бараг л үнэн болов уу даа. Ер нь 15 сая байсан ч худалдаж авах эсэх нь эргэлзээтэй.
-Дүүргийн удирдлагуудтай та уулзаж үзсэн үү?
-Ер нь уулзаагүй ээ. Буудал хайгаад явж байхад ч тэр. Одоо ч ирж уулзаагүй л байна. Биднийг байрнаас гаргасан тэр хүнтэй уулзах хүсэлтэй байсан.
-Таны хувьд байраа зарах сонирхол байгаа юу?
-Одоо аль хэдийн үнэ нь уначихсан байрыг хэн худалдаж авах юм. Зарлаа гээд хэдэн төгрөгөөр зарах билээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-ээр хорооны 12 давхар 16-аар байрны иргэд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан нь энэ. Бид бусад оршин суугчидтай уулзсан ч зарим нь байр сууриа илэрхийлэх дургүй. Үг хэлэхийг хүссэнгүй. Тэдний “тэвчээрийн тэлээ” алдагдсан нь энэ болов уу. “Хэвлэл мэдээллийнхэн, Баянгол дүүрэг хариуцсан хууль хяналтын байгууллагын хүмүүсээс залхаж байна” гэж ундууцсан оршин суугч нилээдгүй байлаа. Иргэдэд хэр хүнд байдалд байгааг дээрх оршин суугчдын сэтгэгдлээс харж болно.
Харин “Би Жи Би Жи” компанитай холбогдож 12 давхар байшинг “хазайлгахад” хүргэсэн гэх 18 давхар байшингийн төсөвтэй танилцсан юм. Мэдээж эдгээр төсөв өнөөдрийн байдлаар салхинд хийссэн бөгөөд хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө татжээ.
- Эл барилгын зургийг БНХАУ-ын Шэньжэн хотноо 1.224.000 юань буюу 389.232.000 төгрөгөөр зуруулжээ.
- Барилгын суурь ухсан газардээр 30 граж байсан бөгөөд тэднийг худалдаж авах буулгах, тээвэрлэх нийт зардал нь 800 гаруй сая төгрөг
- Барилгын суурийг “Мула” компаниар хийлгэхээр гэрээ хийсэн бөгөөд суурь ухах газар шорооны ажлын зардал 78.200.000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл албан тушаалтнуудын хуумгай шийдвэрээс улбаалж Монгол улсын нэг барилгын компани 1.2432.000 төгрөгийн алданги хүлээсэн байдалтай байгаа аж. /Бусад зардлыг тооцоогүй болно/.
- Барилгыг нийтдээ 20 тэр бум орчим төгрөгөөр барих байв. Нийт 150 ажилтан хамгийн багадаа 1 жил гаруйн хугацаанд гэрийнхнийгээ цалингаараа тэжээх байжээ.
“Би Жи Би Жи” компаний бүх ажлыг улсын хэмжээнд шалгасан бөгөөд одоогийн байдлаар зөрчил илрүүлээгүй. Хохирол хүлээсэн компаний хувьд бид тоон баримт харахад багагүй хохиролтой байгаа нь нүдэнд илт. Үнэндээ муу нэртэй “Би Жи Би Жи” ХХК-ийн 80% нь хөрөнгө оруулагч болох гол хувьцаа эзэмшигч С.Саранцэцэг захиралтай “Аустмон Инвестмент Групп” ХХК-ийн мэдэлд шилжсэн байдаг ажээ. Гэвч уг компани нь одоогоор гарсан асуудалд хариуцлага хүлээгээгүй байгаа бололтой…
Энэхүү асуудлын мөрөөр “Би Жи Би Жи” ХХК-ийн менежертэй ярилцсанаа уншигчиддаа хүргье.
“Би Жи Би Жи” компаний менежер У.Ганбат:
-Бэхлэлтийн ажлыг зогсоох шаардлага ирсэн гэсэн үнэн үү. Уг нь асуудлаас урьдчилан сэргийлж бэхлэлт хийх нь зайлгүй асуудал биш гэж үү?
-Баянгол дүүргийн цагдаагийн газраас хоёр хүн ирсэн. 14-ээр хорооны засаг дарга Нансалмаа, байрны оршин суугчид болон хоёр цагдаагийн хамтаар ирсэн. “Хэн явуулсан юм бэ, ямар учиртай вэ” гэхэд “Оросоо даргатай яриарай гэж хэлсэн”. Оршин суугчдын хувьд бэхэлгээ хийх нь зайлшгүй хийх ёстой ажил гэдгийг ойлгосон. Мөн Баянгол дүүргийн газрын албаны байцаагч шаардах хуудастай ирсэн ч өгөөгүй. Харин “хэний тушаал, заавраар энэ ажлыг зогсоох гэж байгаа юм бэ, бичигээ өгчих” гэтэл өгөлгүй зугтчихсан.
-Бэхлэлтийн ажил газрын аль хэсгээр хийх шаардлагатай байх хэрэгтэй байгаа вэ?
-Ухсан барилгын суурийн баруун талд байгаа хийд, урд талд байрлаж буй “Баялаг” худалдааны төвийн граж, зүүн талд байрлах борооны ус зайлуулах шугмын хөрсөнд нуралт үүсэх магадлалтай байгаа тул зайлшгүй бэхэлгээ хийх шаардлагатай болсон.
-Танай компанийг нийгэмд сөргөөр таниулсан. Нэр төр эд хөрөнгөний хувьд гарсан хохирол нь хэр хүнд тусч байна вэ?
-Мэдээж шүү дээ. Энэ бол ойлгомжтой асуудал. Уг нь засаг захиргаа, төрийн байгууллагын зөвшөөрөлтэй орон сууц үйлчилгээ, дулаан граж, бусад баригдаж байгаатай л адил барилга байх байлаа шүү дээ. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг тэр бум гаруй төгрөг зарцуулчихсан. Ажил эхлээд нилээд удаж байхад бүх хийсэн зүйлсийг маань зогсоож, царцааж, гутааж, оргүй болгочихсон. Хэр баргийн бизнес эрхлэгч, хувийн хэвшлийхэнд энэ бол хүнд цохилт болно. Надад ч ялгаагүй хүнд л байна.
“Бид алдагдсан боломжийн хариуцлагыг хэнээс ч нэхэж сураагүй ард түмэн. Тийм болохоор юм нураадаг хүмүүс л моданд ордог цаг үе болж. Бид нар хувийн хэвшлийнхэндээ хэзээ ч хүндэтгэл үзүүлж чаддаггүй. Харин бүр улс төрчид нь энэ шинэ цаг үедээ ч хувийн хэвшлийнхээ эсрэг тэмцэж, заавал зогсоож нураадаг, гутаадаг, гацаадаг. Тэрийгээ илүү амжилттай улс төр гэж үзэж байна шүү дээ” гэх Монгол улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгээр “Алдарт” 16-аар байрны сурвалжлагаа өндөрлөе.
Жич : Хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтны талыг барьж биш мэдээллийг тэнцвэртэй хүргэхийг хичээлээ.