Би 33 хоног агуйд даяан хийнэ

556d3f27b2b711.50352182“Монгол шүтээн” төвөөс “Даян дэлхийг засах Монгол ухаан” цуврал 100 айлдварыг ард түмэндээ хүргэж буй ажээ. Айлдалын багш ЛүнрэгЭш Төмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

Та сая хэд дэх айлдвараа айлдав?

-Манай “Монгол шүтээн” төв ард түмнээ соён гэгээрүүлж улмаар Монгол хүний хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадрааж тив дэлхийг цуурайтуулсан агуу их суутнууд, удирдагчидийг төрүүлэх зорилгоор “Даян дэлхийг засах Монгол ухаан” цуврал 100 лекц айлдвар зохион байгуулж байгаа. Үүнийхээ 20 дахь удаагийн лекцийг саяхан гуравдугаар цахилгаан станцын хамт олонд зориулан “Итгэл үнэмшил ба бахархал” сэдвээр уншлаа. Аливаа хүмүүн өөртөө итгэлтэй, үнэмшилтэй, бахархах зүйлтэй  байвал юуг ч бүтээж чадна шүү дээ.

Таны айлдварууд төлбөртэй юү?

Ер нь 100 лекц айлдвараа үнэ төлбөргүй хийнэ. Гуравдугаар цахилгаан станцын хамт олон бидэнд соёл урлагын танхимаа үнэ төлбөргүй гаргаж өгсөнд их баярлаж байгаа. Зарим газрын, зарим аймгийн заал талбай нь өндөртэй төлбөртэй болохоор жаахан хэцүү л байдаг. Агуу үйлийг бүтээхэд тулгарах санхүүгийн, бусад саад бэрхшээл байлгүй яахав. Бүгдийг нь даван туулж гарна.

Танд айлдварын өөр олон сэдвүүд байгаа юу?

Айлдаж байгаа 100 лекц айлдвар маань дахин давтагдашгүй, мөн бие биенээс салангид оршдоггүй нэг бүхэл цогц юм.  Бид шашныг, хэн нэгнийг сурталчилах гэж бус философи, ёс суртахуун, зөв сайн амьдрахуйн тухай л хөндөж лекцээ айлддаг. Сая би таван сэдвээс сонголт хийлгэж уншсан. Хүмүүс их дуртай байна лээ. Би “Мөрөөдлийн нийгэм ба бодит ертөнцийнхөн”, “Замба тивийн Монгол бурхад ба агуу хүсэл эрмэлзэл”, Их гүрний омогшил ба ирэх цагийн мөрөөдөл”, “Итгэл үнэмшил ба бахархал” зэрэг айлдваруудтай очсон. Гуравдугаар цахилгаан станцын хамт олон эдгээр айлдваруудаас “Итгэл үнэмшил ба бахархал” сэдвийг сонирхож уншуулсан. Дараагийн лекцээ “Мөрөөдлийн нийгэм ба бодит ертөнцийнхөн” гэсэн сэдвээр айлдах бодолтой байгаа.

Дархан, Эрдэнэт хотуудад танай төвийн салбар нээгдсэн гэл үү. Ер нь аймаг бүрд салбараа нээх үү?

– Саяхан Дархан хотод салбараа нээгээд ирлээ. Дархан хотын салбар маань 400 гаруй сүсэгтэн гишүүнтэй, удирдах зөвлөл нь орон тооны 21 гишүүнтэй, таван даргатай байгуулагдаж өөрийн гэсэн байр, сургалтын  өрөөтэй болсон.  Ингэснээр бид Эрүүл аж төрөхүйн тухай, Бясалгалын үр дүнгийн тухай, Хэрхэн тив дэлхийд Монгол хүний авъяас чадвараар цойлон гарах тухай сургалтуудаа  Дархан хотод үнэ төлбөргүй явуулах боломж бүрдлээ. Мөн Эрдэнэт хотод салбар зөвлөл байгууллаа. 500 гаруй сүсэгтэн гишүүнтэй,  удирдах зөвлөлд нь 21  гишүүн, гурван дарга  сонгосон. Цаашдаа бүх аймагт салбар зөвлөлүүдээ байгуулна. Түүнчлэн дэлхийн олон улсуудад салбар зөвлөлүүдийг байгуулна гэдэгт итгэлтэй байгаа, захаасаа саналаа ирүүлээд байгаа. Зургаадугаар сарын дундуур Төв аймгийн Баянцот сум, Элгэн хадны өвөрт “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” чуулах буюу Тэнгэр лусын бумбаны тахилга хийхээр бэлтгэж байнаа.

Мөн намраас Энэтхэг, Франц улсад очиж айлдвараа уншихаар бэлтгэл  ажил хийгдэж байна.

Тэр юун арга хэмжээ бэ, уншигчиддаа жаахан тодруулж өгөхгүй юу.

Зургаадугаар сарын 19-нд Төв аймгийн Баянцогт сум, Элгэн хадны өвөрт “1000 ХӨХ ЛУСЫН ЧУУЛГАН” буюу Тэнгэр лусын бумбаны тахилга хийнэ. Энэхүү чуулган өндөрлөөд  маргаашнаас нь би агуйд сууж даяанч болох юм. Үргэлжлүүлэн ард түмэндээ зориулан айлдваруудаа хүргэсээр байх болно.

Даяанч хийх агуйгаа зааж хэлж болох уу?

-Болноо. Төв аймгийн Баянцогт сумын нутаг дахь Элгэн хадны өвөр дэх агуйд сууж даяанч хийнэ.  Энэ нутаг орон бол энергийн асар өндөр давтамж бүхий газар. Эрт дээр үеэс энд Монголын хутагт хувилгаадууд 5-20 жил даяанч, бясалгал хийдэг байсан юм. Нутгийн иргэд энэ агуйн үүх түүхээс их мэднээ. Сүсэгтэн олон ирж өнгөрсөн одоо ирээдүйгээ үзүүлэх, номын болон тарни тоолох ёс хийж бурхан сахиус, уул хангайдаа өргөл өргөж болно л доо. Гол нь сургаалийг минь сонсоод зам мөрөө олох, өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийг олох нь чухал юм.

Та агуйд хэр удаан сууж даяан хийх вэ?

-Урьд нь би 3-14 хоног сууж байсан. Энэ жил 33 хоног сууж даяан үйлдэнэ. Жил ирэх бүр хугацаа нь уртсах байх, гэхдээ даяан үйлдэхэд цаг хугацаа бус үр дүн байх нь гол юм.

Та ер нь соён гэгээрлийн, хүмүүнлэгийн, олон нийтийн, буяны өглөгөө олон түмэндээ их хайрлах юмаа.  

-Тиймээ, энэ бол миний үүрэг. Сүүлийн найман жилийн турш хүмүүст  өглөг түгээж байна. Өнчин ядуусыг хооллож ундаалж, зовсон зүдэрсэн олонд ном уншлага, гүрэм дором хийж байна. Гэхдээ манай номер нэг өглөг бол соён гэгээрлийн өглөг, номын өглөг байгаасай гэж хүсдэг, Үүндээ ч бид хүрч бүхэл бүтэн 20 лекц айлдвараа уншлаа шүү дээ. Номын цагаан буян, соён гэгээрлийн үндэс өөрөө дэлгэрэх нь цагийн жам бизээ. Тиймдээ ч үлдэж буй 80 айлдвараа илүү ихээр иргэдэд түгээхийг бодож байна.

Өчигдөр л гэхэд “Эх үрсийн баяраар” Төв аймгийн Баянцогт сумын засаг захиргаатай хамтран 6 сарын 1 нд төрсөн болон нийгмийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд сэтгэлийн бэлгээ түгээлээ.

Та уншигч олондоо цөөн үгээр юу дайхыг хүсэж байна.

МОНГОЛЧУУД МИНЬ  ЭРҮҮЛ ЭНХИЙГ ШҮТ, СОЁН ГЭГЭЭР, ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ-ЗОРИЛГОТОЙ АМЬДАР, МУХАР СҮСГИЙГ ТАЯГДАН ХАЯ, ХАЙРЫГ ТҮГЭЭ.  Тэгвэл амьд бурхан мэт жарган амьдарч чадмуу

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

ярилцсан сэтгүүлч Л.Алтангэрэл

11289620_1603101966614702_1246064005_n 11294555_1603102389947993_861027178_o

Эх сурвалж: www.khunnu.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …