Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дарделыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Хотын засаглал” төслийг энэ оноос хэрэгжүүлэх, гэр хорооллын иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотын хотжилттой холбоотой зарим асуудал, нийслэлийн хөгжлийн хэтийн төлөв, гэр хорооллын дахин төлөвлөлт, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо.
Харин Швейцари Улсын Элчин Сайд Шан Шак Де Дардел “Улаанбаатар хотод 4 дэх удаагаа зочилж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хот ирэх болгонд хөгжиж, Та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажил дэвшилттэй байгааг харахад таатай байна. Иргэд өөрсдийн ирээдүйгээ шийдэх гэж байгаа учраас Хотын хөгжилд иргэдийг оролцуулах нь маш чухал шийдвэр юм. Танай хотод байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлж, иргэдийн чадавхийг нэмэгдүүлж, Швейцарийн хувийн хэвшлийн компаниуд Улаанбаатар хотын төр хувийн хэвшлийн түншлэлд хамтран ажиллахдаа таатай байх болно. Цаашид бүхий л салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.