Үндэсний статистикийн хороо өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улсын хүн ам долдугаар сарын дундуур 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог хийж байжээ.
Энэ талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалаас тодрууллаа. Тэрбээр “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байсан. 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш төрөлт тогтмол буурч байснаа алтан гахай жил буюу 2007 оноос өсөж, өнгөрсөн онд 74.8 мянган хүүхэд төрлөө. 1980-аад оны хүүхдүүд одоо нөхөн үржихүйн насанд хүрснээр төрөлт эрс нэмэгдэж байгаа нь энэ. Бид 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн тоо, нийгмийн үзүүлэлтэд тулгуурлан энэ сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улс 2.9 сая хүн амтай болно гэсэн тооцоог хийсэн” гэв.
Ямартаа ч, Манай улсын хүн ам 1988 онд хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэх нь.
А.Эрдэнэбаяр ugluu.mn