Манай улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэх шаардлагатай эрхтэн тогтолцооны эмгэгтэй, амьдралын төгсгөлийн шатанд байгаа эмчлүүлэгч олон байдаг. Өвчний төгсгөлийн шатанд хийгддэг дээрхи эмчилгээг өндөр хөгжилтэй орнуудад очиж манайхан олноороо явж хийлгэдэг.
Тийм ч учраас энэхүү асуудалд анхаарлаа хандуулан эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, донорын тулгамдсан асуудал сэдэвт дугуй ширээний уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Со Ниунт, Дэлхийн эрхтэн шилжүүлэх холбооны Ерөнхийлөөгч Филлип О Коннел болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтыг нээж Сайд Г.Шийлэгдамба “Эрхтэн шилжүүлэн суулгах энэхүү анагаах ухааны цоо шинэ салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж гар бие оролцсон, сэтгэлийн туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ, донор байгууллагууддаа хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье. XXI зууны эхэн үед бид элэг бөөр зэрэг амин чухал эрхтэнүүдийн цочмог болон архаг дутагдлаар хүний алтан амийг аварч чадалгүй алдаж байсан билээ. Гэтэл өнгөрсөн зуунд хөгжиж эхэлсэн эмчилгээний энэхүү шинэ аргыг эх орондоо хөгжүүлэхээр манай шилдэг эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд аср их эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөсний үр шимээр ард олонд амьдрал бэлэглэх эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нутагшуулснаар чанартай тусламж үйлчилгээг авах боломжоор хангагдсан. Өнгөрсөн хугацаанд 104 хүнд энэхүү мэс заслыг амжилттай хийсэн нь манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ олон улсын хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буйн тод илрэл хэмээн бахархан хэлмээр байна” гэлээ.
Цаашид эх орондоо нутаглуулж чадсан энэхүү эмчилгээ нь өндөр өртөгтэй тул бага болон дундаж орлоготой иргэд төдийлөн хүртэж чадахгүй байсаар байгаа. Иймд ард иргэдэд илүү хүртээмжтэй болгохын тулд эмчилгээний зардлын асуудлыг шийдэх хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрхтэнээ өгөх донорын асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгааг ч онцлон хэлсэн юм.