Эрдэнийн чулууны шинжээч Ш.Бямбасүрэнтэй хийсэн сонинхолтой ярилцлагын цувралаас толилуулж байна.
-Цагаан алтыг та яагаад үнэт металлын бүлэгт нэрлэсэнгүй вэ?
– Цагаан алт гэж биеэ даасан металл байдаггүй юм. Монголчууд “платина”-г цагаан алт гэж орчуулж хэлж ярьж хэвшсэн. Платина бол алтнаас илүү өндөр температурт буюу 2000 хэмд хайлдаг, алтнаас ховор, үнэтэй биеэ даасан металл.
-Цагаан алтан эдлэл гадуур зөндөө л байдаг шүү дээ. Яагаад ховор гээд байгаа юм бэ?
-Энд чинь л ойлголтын зөрүү байгаа юм. Монголчуудын яриад байгаа цагаан алт гэдэг бол шар алтны нэг төрлийн хайлш. Монголчууд зэсийн хайлшийг хүрэн өнгөтэйг нь хүрэл, шаргал өнгөтэйг нь гууль, цагаан өнгөтэйг нь мелихор, полиус гэх мэтээр нэрлэдэгтэй адил шар алтны цагаан өнгөтэй хайлшийг олон улсын худалдааны практикт англиар “white gold”, оросоор “белое золото”, монголоор “цагаан алт” гэж нэрлэж байгаа юм. Ялангуяа манай хими, геологийн шинж- лэх ухааны салбарт ажилладаг хүмүүс хэвшсэн хэллэгээсээ татгалзах дургүй тул их эсэргүүцэж, буруу орчуулгаараа хэрэглээд байгаа юм. Үүнээс болоод амьд- рал дээр хоёр том зөрчилтэй асуудал гардаг. Нэгдүгээрт, гадаад орны шинжлэх ухааны салбарын хүмүүс цагаан алт гэж бичсэнийг орчуулахдаа буруугаар ойл- гох болно. Тухайлбал, геологийн тайланд цагаан алтны илэрц гээд бичсэнийг хараад ийм хайлш байгаль дээр байхгүйг мэдэх учраас тухайн геологичийг л шоолох болно. Хоёрт, зарим ухамсар мөчид хүмүүс цагаан алтыг платины үнээр зарах гэж зөрчил үүсгэдэг явдал амьдрал дээр маш их гардаг.
– Цагаан алт гэж найрлага талаас нь чухам юуг хэлээд байна вэ?
-Манайхан чинь их сонин сэтгэхүйтэй, аливаа юманд их амархан дасан зохицож чаддаг, өөрийнхөөрөө нэр томъёолол өгчихдөг шүү дээ. 585 сорьцтой алтан эдлэлийг “монет” гээд нэрэлчихсэн нь сүүлдээ “маниат” болчихсон, өөрөөр хэлбэл монголжчихсон. 585 сорьцтой алтны хайлшинд алт 58.5 хувь, зэс, мөнгө хоёр нийлээд 41.5 хувийг эзэлдэг бөгөөд хайлшны өнгө зэс, мөнгө хоёрын агуулгыг хэрхэн хийснээс шалтгаалан улбар шаргалаас ногоон шаргал болтлоо 15 өнгийн хувирал өгдөг. Үүнийг бид маниат гэж нэрлэдэг.
Тэгвэл 58.5 хувийн алтан дээр 41.5 хувьд нь палладий эсвэл никелийг дангаар нь холиход алтны өнгө цагаан шаргал болдог. Энэ хайлшийг л цагаан алт гэж хэлээд байгаа юм. Найрлага нь гэвэл ердөө л энэ.
эх сурвалж: emegteichuud.mn