NBA –гийн од ЛУОЛ ДЭНГ наадмаар Монголд ажиллана

s Монголын спорт сонирхогчид тэр дундаа сагсан бөмбөгийн хорхойтнуудын хувьд гайхалтай бас дурсамжтай үйл явдал тохиох гэж байна.

Энэ бол домогт Чикаго Буллс багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, NBA-гийн шилдэг тоглогчдын нэг Луол Дэнг /Luol Deng/-ийн Монгол дахь айлчлал юм.

Тэрээр Монголын үүрэн холбооны үндэсний оператор Скайтел Групп, Алтай Кашмер ХХК-ийн урилгаар манай улсад Үндэсний их баяр наадмын тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан энэ сарын 12-оос 14-ний хооронд айлчлана.

Зуны амралтаараа манай улсад зочилж буй NBA-гийн шилдэг тамирчин маань Монгол үндэсний наадам, ёс заншилтай танилцахын зэрэгцээ өөрийн удирдан явуулдаг Луол Дэнг /Luol Deng Foundation/ Сангийн шугамаар ажиллах юм.

Сагсан бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахын сацуу  эрүүл мэнд, боловсролыг дэмжих, гэмт хэргийг бууруулах зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой уг санг Луол Дэнг анх 2005 онд байгуулжээ.

Тэрээр Монголд айлчлах хугацаандаа Скайтел Группээс зохион байгуулах олон нийтийн хүмүүнлэгийн арга хэмжээ, телевизийн хөтөлбөр болон бусад арга хэмжээнд оролцох юм.

Дашрамд дурдахад Скайтел Группээс “NBA –гийн од Луол Дэнгийг хэн сайн зурах вэ?” гар зургийн уралдааныг  NBA-гийн фэнүүдийн дунд зохион байгуулж байгаа бөгөөд шилдэг зургийн эзэн Луол Дэнгтэй биечлэн уулзаж, өөрийн зурсан зургаа гардуулж мөн хамт зургаа авахуулах зэрэг ховорхон боломжийн эзэн болох аж.

Луол Дэнгийн айлчлалын талаархи хэвлэлийн бага хурал 7-р сарын 4-ний 12:00 цагт Чингис Хаан зочид буудалд болох бөгөөд тус хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудад сурвалжлах эрхийн мандатыг олгож, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. “Луол Дэнг Монголд” хөтөлбөрийн хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Star TV, Боловсрол Суваг ТВ, Спорт Бокс Суваг, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Score Студи ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn болон Skytel official facebook хуудсаас авна уу. Мөн 1515, 1510 дугааруудаас аваарай.

Луол Дэнгийн товч танилцуулга

Тэрээр 1985 оны 4-р сарын 16-нд Судан улсын Вау хотод төржээ. Түүний эцэг Алдо нь Суданы засгийн газрын гишүүн байсан бөгөөд Суданд хоёр дахь иргэний дайн гарах үед Египт улс руу гэр бүлээ нүүлгэн сууршисан байна. Египтэд байхдаа Дэнгийн гэр бүл NBA-гийн төвийн тоглогч, нутаг нэгт Манют Болтой танилцаж, Бол Луол болон түүний ах Ажу нарт сагсан бөмбөгийн спортыг анх зааж өгч байсан байна.

Дэнгийн гэр бүлд Англи улсыг улс төрийн орогнолтоор зорих боломж олдож, тэд Лондон хотын урд хэсэгт байрлах Брикстон хот руу цагаачилсан байна. Англид ирээд Луол хөлбөмбөгийн спортыг ихэд сонирхсон хэдий ч сагсан бөмбөгөө хаялгүй хичээллэсээр байлаа. Удалгүй түүний ур чадвар бусдын нүдэнд анзаарагдаж, Английн 15 хүртэлхи насны шигшээ багт тоглооч хэмээн түүнийг урив. Энэ үеэр Дэнг Брикстоны Сагсан Бөмбөгийн Клубт орж, тэндэх карьераа эхлүүлсэн байна.

Арван гурван настайдаа Луол Дэнг Европын Хүүхдийн АШТ-ний эрхийн төлөөхи тэмцээнд Англи улсыг төлөөлөн оролцож, 40 оноо, 14 с.б.а дунджилж, тус тэмцээний MVP буюу Хамгийн Үнэ Цэнэтэй Тоглогчоор нэрлэгдэж байсан байна. Дараа нь Европын Хүүхдийн АШТ-нд тоглож, 34 оноог дунджилснаар мөн л MVP-гийн шагналын эзэн болжээ.

Дараа жил нь Луол Дэнг АНУ-руу нүүж, Нью Жерси хот дахь Блэйр Академид элсэн орж, тэндээ багийн ахлагчдын нэгээр сонгогдсон байна. Дунд сургуулиа төгсдөг жил Дэнгийг АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн ЛеБрон Жеймсийн дараа орох дунд сургуулийн шилдэг тоглогч хэмээн магтаж, МакДоналдын нэрэмжит Дунд Сургуулийн Бүх Америкийн тоглолтонд уригдан тоглосон байн. Гэвч тэрээр хөлний гэмтлээс болж тус тоглолтонд оролцож, ЛеБрон, Кармэло Энтони зэрэг ирээдүйн оддын эсрэг тоглож чадаагүй юм.

Дунд сургуулиа төгсчөөд Луол Дюкийн Их Сургуулийг сонгож, алдарт дасгалжуулагч Майк Шишевскигийн удирдлага дор 37 тоглолтыг хийж, 32-т нь гараанд гарч, 15.1 оноог дунджилсан байна. Нэгдүгээр курсын оюутнууд дундаа Дэнг хамгийн шилдэг нь байж, оноо, самбараас бөмбөг авалт, довтолгооны хувиар тэргүүлжээ. Дюкийн багийг NCAA-гийн тэмцээний Шөвгийн Дөрөвт шалгаруулахад Дэнгийн оруулсан хувь нэмэр их байлаа.

2004 онд Луол Дэнг өөрийгөө NBA-д бэлэн гэж үзэж, Драфтад оролцохоор болж, нэрээ бүртгүүлсэн юм. Түүнийг Финикс Санс баг 7 дахь сонголтоор сонгон авч, өмнө нь хийгдсэн тохиролцооны дагуу тэр дор нь Чикаго Буллсд өгсөн байна. Рүүки жилдээ Дэнг 61 тоглолтыг хийж, 11.7 оноог дунджилсан юм. Гэхдээ улирлын төгсгөл рүү бугуйндаа маш хүнд гэмтлийг авч Плейоффт тоглож чадаагүй байна. Тэгсэн хэдий ч Дэнгийг NBA-гээс өндөрт үнэлж, Бүх Рүүкигийн 1-р багт нэрлэж, Чикаго Буллс баг ч гэсэн түүнийг ирээдүйн од тоглогч гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

Луол Дэнг одоог хүртэл Буллс багтаа тоглож, жил бүр багаа Плейоффт шалгаруулахад тусалж, хувийн статистик амжилтаа улирлаас улиралд ахиулсаар байна. Тэрээр 2011-12 улиралд гайхалтай сайн тоглож, улмаар Бүх Оддын тоглолтонд сонгогдсон нь Дэнгийн карьерийн хамгийн оргил мөч байлаа.

Луол сагсан бөмбөгийн талбайн гадуур маш их хүмүүнлэгийн ажилд оролцож, өөрийн зүгээс чадах бүхнээ зориулдаг юм. Их Британий Хүүхдийн Сан, “Суданы Алдагдсан Үе” иргэний дайны хохирогчдод туслах сайн үйлсийн аян болон NBA-гээс зохион байгуулдаг Хил Хязгааргүй Сагсан Бөмбөг хөтөлбөрт Луол Дэнг харамгүй цагаа зарцуулж ирсэн байна. Тэрээр мөн Дэлхийн Хүнсний Хөтөлбөрийн төлөөлөгч гэнэ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …