Гэр хорооллыг орон сууцжуулах ажил гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийслэл хотын 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайд, 38 төсөл хэрэгжүүлэгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 500 гаруй өрх орон сууцандаа орсон бол 2015 онд дахин 2500 айл төслийн үр дүнг амсана гэж төлөвлөсөн ажээ. Үүний нэгэнд Баянзүрх дүүргийн 13, дугаар хорооны газар нутаг дэвсгэрийн айлууд багтаж байна. Гэвч тус хорооны иргэдийн хувьд өргөдөл, бичиг цаас болон болж, аль нэг даргын албан тасалгааны үүдийг сахьж суудаг болсоор жил гаруй нүүрийг үзэж байгаа гэнэ. Тэд төслийг хэрэгжүүлэгч “Цагаан хуаран консалтинг” ХХК-ийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрчлөх хүсэлтэй байна.
Бүрэн цутгамал, Уужим саруул цонх, орц бүрт 24 цагийн үйлчилгээтэй хос цахилгаан шат, газар доорх нэгдсэн байгууламж бүхий автомашины зогсоол, хотын А зэрэглэлийн бүсэд буюу төв цэгээс 3 км зайтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх хөрөнгө оруулалт гэхчилэн давуу талуудыг амлаад буй төслийн ажлыг хэрэгжүүлэгч “Цагаан хуаран консалтинг” компани юуны учир иргэдийн дунд бухимдал үүсгээд байна вэ?
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасаар ирсэн тухай тэд ярьж байна.
1. Тус компани нь 2012 оноос “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд эхний ээлжийн 2448 айлаас 432 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн юм. Тухайн үедээ байрны м квадрат нь 1,500,000 төгрөг, тухайн газрын м квадратыг нь 100-150 мянган төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулцгаажээ. Гэвч эхний ээлжинд байрандаа орсон айлууд барилгын хана нимгэн, таазнаасаа хөгцөрч эхэлсэн гэхчилэн гомдлуудаа хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан мэргэжлийн байгууллагад нь хаяглаад авсан ч үр дүнд хүрээгүй. Болоогүй дараагийн ээлжийн барилгын ажил ч явагдахаар болоод байсан юм. Ийнхүү өмнөх ажлаа дуусгаагүй, дуусгасан нь хэдэн байр нь хэл ам таталсан “Цагаан хуаран консалтинг” –ийнхан дахин “Сүнжин гранд” зочид буудлын орчим буюу БЗД-ийн 13-р хорооны 2616 айлын “Цагаан Хуаран-2” орон сууцны хотхоны төслийг хэрэгжүүлэхээр болчихоод байгаа юм. Гэвч 13 –р хороонд байрших гэр хорооллын барилгажуулах төслийн Z блокт багтаж байгаа 149 айлын 9,4 га газарт оршин суугчдын санал хүсэлтийг харгалзан үзэлгүй, өөрийн эрх ашигт нийцсэн шаардлагуудыг тулгаж байна гэж үзээд Нийслэлийн ИТХ-ын дараг Д.Баттулгад өргөдөл гаргажээ. Энд: оршин суугаа орон байрны нэг м квад талбайг 200-350 мянгаар үнэлэх. Гэхдээ ашигласан жил бүрээр тооцож, жилийн 3-7 хувийн хорогдол тооцох, өөрийн компанийн барих орон сууцны нэг м квадратын талбайг 2 сая төгрөгөөр үнэлээд байна. Харин оршин суугч бидний хувьд газрынхаа м квадратыг 300-350 мянгаар үнэлэх, газраа орон сууцаар солих тохиолдолд 0,07 га газрыг 120 м квадрат сууцаар солих саналтай байна гээд 61 оршин суугчийн гарыг үсэг бүхий өргөдлийг илгээжээ. Үүнээс өмнө 2014 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ны захиргаанд “Газрын үнэлгээг нэмэгдүүлэх” тухай өргөдлийг илгээсэн байна. Үүнд дээрх газрын үнэлгээний талаар дурдаад орон сууц ашиглалтанд орох хүртэл төлөвлөлтөнд орсон айлуудад түрээсийн мөнгө олгох тухай дурдсан биш цагдаад дуудагдаж, дарамтлуулах болжээ.
2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журманд: Төслийн танилцуулгын үр дүнд хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан аж ахуйн нэгж нь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 75-иас доошгүй хувийн хувийн зөвшөөрөл авч хоёр талт гэрээ байгуулсан байна гэж заасан. Харин иргэдийн тооцоолж байгаагаар 63,8 хувьтай гэрээ хийсэн гэж үзээд гэрээг дахин шалгах хүсэлтээ Нийслэлийн удирдлагуудад илгээсэн ч нааштай хариу дахиад л сонссонгүй.
3. Журмын 4,25-д төслийн барилгажуулалтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгох тухай заасан. Энд төсөл хэрэгжүүлэгчид дахиад булхайцсаар байна. 2014 оны зургадугаар сарын 2-нд батламжаа гарснаас хойш жилийн хугацаа өнгөрсөн ч барилгын ажил эхлээгүй хэвээрээ л байна.
4. Түүнчлэн барилга эхлэх хугацаа нь гэрээ бүрт харилцан адилгүй. Жишээ нь иргэн Г-тэй хийсэн захиалгын гэрээнд орон сууцны хотхон 2016 оны II гэсэн бол иргэн Д-тэй хийсэн гэрээнд 2015 оны IV улиралд ашиглалтанд орох тухай дурджээ. Гэсэн атлаа нүүлгэн шилжүүлэн газар чөлөөлөх төлөвлөгөөнд 2017 оны 2-р сард иргэдэд нүүлгэн шилжүүлэлтийн тухай мэдэгдэх хуудам хүргүүлж, тус сарын дөрөв дэх долоо хоногоос гуравдугаар сарын эхний гурван долоо хоногт нүүлгэн шилжүүлэх тухай тусгажээ. Гэтэл хүйтний улиралд биш 4-р сарын 15 наас хойш гаргах тухай заасан байдаг юм. Энэ мэтчилэн төслийг хэрэгжүүлэгч атлаа төсөлд харшилсан үйлдэл удаа дараа хийж буй барилгын компанийг “халж” төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн чадавхи бүхий аж ахуйн нэгжийг сонгоод байгаа тухайгаа хорооны иргэд Э.Бат-Үүл даргад энэ оны эхээр илгээгээд байсан. Харин хариугаа өнөөдөр авна гэж найдаж байгаа гэнэ. Учир нь хорооны иргэд 19 цагаас хотын захирагчтай уулзахаар болжээ.
эх сурвалж: chingis.mn