Улаанбурхны дархлаажуулалт болон БНСУ-д энэ сарын эхээр бүртгэсэн корона вирусийн талаар ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасантай ярилцлаа.
-Улаанбурхны дархлаажуулалтад хэчнээн хүүхэд хамрагдсан бэ. Бас насанд хүрэгчдийг хамруулна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн 20 хоногийн хугацаанд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг улаанбурхны нэмэлт вакцинд хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 92 хувьтай явж байна. Үлдсэн найм орчим хувь нь голдуу вакцин тарих үед сөрөг заалттай байгаад вакцинаас чөлөөлсөн хүүхдүүд юм. Эдгээр хүүхдэд вакциныг нь заавал нөхөж хийнэ. Одоогийн байдлаар өвчлөл гарсан их, дээд сургууль, оюутны байр болон байгууллагуудын хүмүүсийг голомтод байгаа гэдэг утгаар нь дархлаажуулж байгаа. Харин нийтийг хамарсан буюу 16-39 насны иргэдийг нийтэд нь вакцинжуулах асуудлыг манай эмч, мэргэжилтнүүд судалж байна.
-Энэ судалгаа хэзээ дуусах бол. Мөн улаанбурхнаар өвчлөгсдийн хэчнээн хувийг насанд хүрэгчид эзэлж байна вэ?
-Судалгаа хэдийд дуусах талаар тодорхой мэдээллийг хэлж чадахгүй нь. Ерөнхийдөө авч буй арга хэмжээг тооцож үзвэл, тавдугаар сарын 25-наас эхэлж бага насны хүүхдүүдэд вакцин тарьсан. Энэ өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд тухайн өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоно. Тиймээс зургадугаар сарын 25-наас эхний вакцинд хамрагдсан хүүхдийн дархлаа тогтсон эсэх нь мэдэгдэнэ. Энэ сарын сүүлээр өвчний тархалт буурна гэж үзэж байгаа. Бага насны хүүхдийн халдвар буурвал том хүний халдвар ч дагаад багасдаг. Одоогийн байдлаар 14400 орчим хүнийг оношлон бүртгэсэн. Үүний 20 орчим хувийг насанд хүрэгчид эзэлж байна.
-Улаанбурхны вакцины нөөц хэр байгаа вэ. Хэрэв насанд хүрэгчид дархлаажуулалтад хамрагдахаар болвол вакцин хүрэх үү?
-Саяны авсан вакцин бол хангалттай хүрнэ. 370 мянган хүүхдэд тарихаар вакцинаа төлөвлөсөн. Нэг савлагаанд арван хүний дозтой вакцин байдаг. Тэгэхээр үүнээс хорогдол гарах магадлалтай. Учир нь вакцинаа задалснаас хойш зургаан цагийн дотор арван хүнд хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг савтай вакциныг задлаад зургаан цагийн дотор найман хүнд тарилаа гэж бодоход үлдсэн хоёр хүний доз нь шууд хаягддаг. Иймэрхүү эрсдлийг тооцоолж вакцинаа илүү төлөвлөдөг юм. Вакцинаа нэг л задалсан бол бүгдийг нь ашиглахаар нарийн тооцоолж ажиллаж байгаа.
– БНСУ-д бүртгээд буй корона вирус хэчнээн оронд дэгдсэн бэ. Мөн энэ өвчний талаар ДЭМБ-аас ямар зөвлөмж, мэдээлэл өгч байна вэ?
-2012 оны есдүгээр сараас эхлэн энэ өвчнийг оношилж байна. Энэ нь Ойрхи дорнод, Европ, Азийн 25 улсад бүртгээд байгаа корона вирусээр үүсгэгддэг, шинэ халдварт өвчин. Одоогоор дэлхий дахинд нийт лабораториар батласан 1174 тохиолдлыг бүртгэж, 442 хүн нас барсан гэж ДЭМБ-аас албан ёсоор мэдээлээд байгаа юм. БНСУ-д энэ сарын 4-ний байдлаар корона вируст халдвар (МERS-CoV)-ийн нийт 35 тохиолдол, хоёр нас баралтыг бүртгээд байна. Мөн вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн 1000 орчим хүнийг бүртгэж, ойрын хавьтлуудыг тусгаарлаж хяналтад авсан байна.
-Хятад, Солонгост гарч байгаа өвчлөлийн байдлаас харахад манайд дэгдэж байгаа улаанбурхны өвчлөл шиг тархалт өндөр байна уу?
-ДЭМБ-аас олон орны эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөмж, шаардлагуудыг хүргүүлж байна. Тухайлбал, бүх тохиолдлыг хавьтал болсон өдрөөс хойш 14 хоногийн турш асуумж авч, тусгаарлан, хяналт тавьж хэрэв шинж тэмдэг илэрвэл маш хурдан тусгаарлаж, эмчилгээ хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байна. Мөн MERS-CoV-ийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс эрүүл мэндийн байгууллагуудын халдвараас урьдчилан сэргийлэх болон хяналт тавих арга хэмжээнд онцгой анхаарахыг зөвлөлөө. Амьсгалын замын цочмог халдварын тандалтыг үргэлжлүүлэхийг ДЭМБ-аас гишүүн орнуудад уриалсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор ДЭМБ-аас хилийн нэвтрэн орох цэгүүд дээр тусгайлсан зөвлөгөө өгөөгүй байна. Одоогоор тээврийн болон худалдааны үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй.
-Корона вирус нь ямар нэгэн өвөрмөц шинж тэмдгээр илрэх үү. Ихэвчлэн ямар хүмүүс энэ өвчний халдварыг авах магадлалтай вэ?
-MERS-CoV-т халдвартай өвчтөнийг эрт илрүүлэхэд төвөгтэй. Учир нь амьсгалын замын халдварын ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг ба MERS-CoV-ийн халдварын үед илэрдэг өвөрмөц шинж тэмдэг байхгүй. Ийм учраас эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд үйлчилгээ үзүүлэхдээ баримтлах халдвар хамгаалалтын дэглэмийг байнга мөрдөж ажиллах хэрэгтэй.
-Одоо оюутан сурагчдын амралт эхэлж байна. Солонгост сурч байгаа оюутан залуус гэлтгүй энэ өвчин гарснаар тэнд ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэд нутагтаа ирэх нь ихсэх байх. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Өнгөрсөн долоо хоногт ЭМСЯ-нд холбогдох мэргэжилтнүүд цугларч корона вирус манайд орж ирэх магадлалтай үгүйд үнэлгээ хийсэн. Уг үнэлгээ нь дунд зэрэг гэж гарсан байгаа. Үүнтэй холбоотой эхний ээлжийн бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна. Солонгост сурч байгаа оюутнууд амралтаараа нутагтаа ирэх болж байна. Өвчин гарсантай холбоотой нөхцөл байдлаас болоод Солонгост байгаа манай иргэд эргэж ирэх нь нэмэгдэж болзошгүй гэх мэтийн халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдлүүд бий болж болох юм. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор иргэддээ сэрэмжлүүлэх, мэдээлэл өгөх, хилийн нэвтрэх боомтуудад тавих хяналтыг идэвхжүүлэх, болзошгүй тохиолдолд бэлэн байдлыг хангах, эмнэлэг, эм, оношлуур, багаж аппарат, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгах бодис, эмнэлэг, хил, гаалийн ажилтнуудыг сургах арга хэмжээг авч байгаа. Мөн ХӨСҮТ- ийн дөрвөн тасгийг тусгаарлаж, чөлөөлсөн. Корона вирусийн болзошгүй халдвартай хүн орж ирвэл шууд хэвтэн эмчлүүлэхээр бэлэн байдалд байлгаж байна.
-Энэ өвчнөөс урьчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
-Манай иргэд, байгууллагын анхаарах, нэн даруй хийх зүйл бол, корона вирусийн халдвар гарч байгаа улс орон руу албан болон хувийн зорилгоор аль болох явахгүй байх, хойшлуулах, байдлыг түр харах хэрэгтэй. Мөн тэндээс зочин, хүн урихгүй байх, мал, амьтан ялангуяа өвдсөн, үхсэн тэмээ малд ойртохгүй, сүү, махыг сайтар болгож, усыг буцалгаж хэрэглэх нь чухал. Гараа тогтмол угаах, амны хаалт зүүх, чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, харшил, дархлаа дарангуйлагдах өвчин эмгэгийг эмчлүүлэх, эрүүлжих хэрэгтэй байна. Түүнчлэн халуурсан, ханиасан, зовиуртай хүнтэй нэг метрээс ойр зайд харьцахаас болгоомжлох гэх мэт зүйлсийг анхаарах хэрэгтэй.