Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын асуудлыг хэлэлцэж буй энэ үед “Монгол орны бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж байна.
Бага хуралд бэлчээрийн экологи болон менежмент, биологи, гидрологи, антропологи болон эдийн засгийн чиглэлээр судалгаа хийдэг Монгол, Америк, Канад, Их Британи, Герман, Япон, Солонгос, Хятад болон Энэтхэг зэрэг есөн орны 180 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтууд, эдийн засгийн шилжилтийн нөлөө зэрэг Монгол орны бэлчээрийн аж ахуйд нөлөөлж буй хүчин зүйлс , тулгарч буй бэрхшээл түүнээс гарах арга замыг тухайд хэлэлцэж байгаа юм.
Монгол улсад анх удаа зохиогдож буй бэлчээрийн нөхөн сэргэх чадамжийн талаарх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж ХХАА-н дэд сайд Б.Батзориг, АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэлл нар үг хэллээ.
ХХАА-н сайд Б.Батзориг “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж буй энэ цаг үед Монгол орны бэлчээрийн сэргэх чадвар, цаашид сайжруулах боломж, бололцооны талаар ярилцаж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын бэлчээр тойрсон олон асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй, экологи, нийгэм, эдийн засаг, цаашлаад төрийн бодлоготой нь уялдуулж олон талаас нь хэлэлцэж ярилцана гэж бодож байна. Тэгэхдээ ганц нэг салбарын талаас нь биш олон салбарыг хамруулж ярилцан тодорхой шийдэл гаргаснаар манай Монголын төрийн бодлого, ялангуяа УИХ-аар хэлэлцүүлж байгаа Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгалаа олж урт хугацаанд оновчтой хэрэгжих болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Уг эрдэм шинжилгээний бага хурлыг Колорадо мужийн Их Сургууль, Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Сан, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Газарзүй, гео-Экологийн хүрээлэн, Нутаг түншлэл үндэсний зөвлөх байгууллага, Нүүдэлч, малчдын судалгааны төв, Америкийн Монгол судлалын төв хамтран зохион байгуулж байна.