“Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол бохирыг шууд Туул голд асгахаас өөр аргагүй” хэмээн “гал асааж” энэ сэдвийг олны анхаарлын төвд орууллаа.
Гэхдээ байзаарай, бодоод үзье. Бид энэ асуудлыг хэдэн жил ярьж, хичнээн жил гал унтраах маягаар засвар хиймэр аядав. Цэвэрлэх байгууламж чинь болохоо байлаа гэж “хөөрхий Туул голоор минь далайлгаж” төсвөөс жил бүр мөнгө авав. Тэгээд юу өөрчлөгдөв. Юу ч өөрчлөгдөөгүй. Ийм засвар хийсэн, ийм зүйлийг нь сольсон гэж хэдэн дарга, хэвлэлийнхний толгойг эргүүлж, ард иргэдийн сэтгэл оюунаар тоглоод, үнэн хэрэгтээ ямар ч засвар хийлгүй өнөөг хүрсэн нь бодит үнэн гэдгийг гэрчлэх хүмүүс бий.
Өнөөдөр ч ялгаа алга. 3 хоног засвар хийнэ гэж аргаа барсан “тайлбар” хэлж байсан хүмүүс өнөөдөр 24 цагийн дотор засварын ажлыг амжуулахаар хичээж байна гэх аж. Эцсийн дүндээ иргэдээ бодож богино хугацаанд засварын ажлыг амжууллаа гэсэн “халхавч”-аар энэ удаагийн түр зуурын засвар бас л засвар биш “халаасны орлого” болоод дуусч мэдэх нь.
Гэхдээ цаг нь тулсан хойно иргэдийг усаа хаалгуулах уу, эсвэл бохироо Туул голд асгах уу гэсэн ямар ч сонголтгүй хоёрхон асуултыг асуугаад сууж байгаа УСУГ, энэ чиглэлийн мэргэжлийн хүмүүс яагаад өөрсдөөсөө ичихгүй “хэвлэлийн баатар” болж чадна вэ?
Дэлхийд хаана ч Монгол шиг “өмхий үнэртүүлсэн усаа гол мөрөндөө цутгаж” байгаа орон алга. Тэд усаа цэвэрлэсэн шиг цэвэрлээд ууж байна, үгүй ядахдаа хотоо ногооруулж байна. Гэтэл бид яадаг билээ. Цэвэрлэсэн нэртэй өмхий үнэртсэн “лаг”-тай усаа Туул голдоо л цутгаж сууна. Нэрэн дээрээ цэвэрлэсэн ус гэх авч нидэртээ хэдэн жил цэвэрлэгдээгүй “өмхий” усаа Туулдаа цутгачихаад одоо ийм тайлбар хийгээд сууж байгаа энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагууд юу бодно вэ?
Мэдээж хөрөнгө мөнгийг нь шийдвэрлээд өгч чадаагүй “төр буруутай”. Хүн амын хэт төвлөрөл, орон сууцжуулалт гээд хэлэх тайлбар, нөлөөлөх нөлөөлөл олон бий.
Хэвлэлээр ингэж хэлүүлж, ингэж бичүүлж өөрсдөө ард нь “цэвэрхэн” үлдэж сурсан.
Одоо больё, бүгдээрээ сэтгэл гаргая.
Хамгийн түрүүнд төрийн эрхэм түшээдийн усыг таслая. Тэдэнд мэдрүүлье.
Ерөнхийлөгч нь Европын парламентийн индрээс “ардчиллыг” магтаж, УИХ нь Ч.Сайханбилэгээ “огцруулах гарын үсэг цуглуулж”, Засгийн газар нь “өрийн сүлжээнд” хэмлэгдэж, иргэд нь өдрөөс өдөрт “ядуурал руу алхаж” буй ч “Цэвэрлэх байгууламжаа” л сольё.
Нийслэлийн “паалантай жорлонд бие засаж, паартай байшинд амьдардаг” хэн бүхэн ядахдаа л ариун цэврийн цаасаа суултуурт хийхээ больцгооё.
Санаачилга жижигдэхгүй, санал нэгдсэн нь цөөхдөхгүй.
Ингэж төрд нь мэдрүүлж, мэргэжлийн байгууллагуудыг “чимхэж”, иргэдийг “ухамсарлуулахгүй” бол гүний ч, гадаргуугийн ч цэнгэг усны нөөцгүй “сөнөсөн хот” бол дуусах вий дээ, Улаанбаатар минь.
Г.Эрдэм
www.ugluu.mn