Цэвэр усны өндөр зардалтай шинэ хорооллынхон

усхө121“Зэвтэй ус гарах нь хэвийн үзэгдэл болсон. Хагас бүтэн сайны өглөө зэв нь бүр ихэсдэг. Хий гоожуулж, гоожуулж байж л нэг хэрэглээний усаа авдаг” гэж Хан-Уул дүүргийн “Алтай” хотхоны оршин суугч Э.Амарцэцэг 2014 оны 4 сарын 19-нд өөрийн Фэйсбүүк хуудаст бичиж, 24-r bair 19-nii odriin 17.57 min.d гэсэн тайлбар бүхий  зургийн хамт оруулжээ. Түүний усан онгоцондоо тосож хуримтлуулсан ус нь шар айрагны өнгөтэй тун ойролцоо атал цоргоос гарах ус нь тунгалаг харагдах  нь сонин. Энэхүү зургийн хамт gogo-гийн дардастай хэдэн зургийг мөн оруулжээ. Тэдгээр дэх зэвтэй ус нь баавар цайны биш яг л өтгөн хар кофе эсвэл хар шоколадны  өнгөтэй ижил төстэй байв.

Дор хаяж 20-30 минут усаа гоожуулахад усны тоолуур талийж өгдөг. Хотын төвийн байрууд шиг хаа нэг зэвтэй ус гардаг бол бас яахав санж. Өдөр болгон, тохиолдол бүртээ ийм ус цоргоос гарахыг харах “Алтай” төдийгүй “Рапид харш”, “Олимп виллаж”, “Эв эе” зэрэг хотхоны оршин суугчдад үнэхээр хүндрэлтэйг “Рапид харш”-ийн М.Болор ярьсан юм. Гэтэл тэд тоолуурынхаа заалтаар л төлбөрөө төлдөг. 2012 оноос хойш усны үнэ нэмэгдсэн, бас усны төлбөрийн ангилал нэмэгдсэн. Тухайлбал, цэвэр ба бохир усны гэсэн хоёр ангиллаар төлбөр хийгддэг байсан бол өнөөдөр үүн дээр ус халаасны төлбөр, усны  суурь үнийг бид нэмж төлдөг болсон. Төлбөрөө цагт нь төлөхгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Наад зах нь алданги дээр бууна.

Оршин суугчдын нэг хэсэг нь ундны усны чанар муугаас өндөр үнээр ус шүүлтүүр худалдан авч эсвэл цэвэр ус авч ашиглан өрхийн төсөвтөө тодорхой хэмжээний ачаалал үүсгэж байна. “Алтай хотхон”-ы Б.Дэлгэр: “Манайх дэлгүүрээс  ундны усаа авдаг. Би нөхөртэйгээ хоёулаа амьдардаг болохоор өдөрт 4000 төгрөгөөр ус авна. Энэ нь сардаа 60-80 мянга, жилдээ 800 -гаас 1 сая төгрөг болдог. Дээрээс нь ус ашигласны мөнгөө сар бүр тушаадаг” гэв. Боломжтой айл өрхүүд нь ус цэвэршүүлэх төрөл бүрийн төхөөрөмж суурьлуулдаг  тухай ч ярьжээ. Тэдгээрийн үнэ нь нэг зуун мянгаас хоёр сая төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд тогтмол хугацаанд ус шүүгчийнхээ цэвэршүүлэгч бодисыг солиход багагүй мөнгө зарцуулж байдгийг ч мөн тус хорооллын оршин суугчид хэлсэн юм.

    Зэвтэй ус нь зөвхөн өрхийн зардлыг нэмэгдүүлээд зогсохгүй иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг ч тэд онцолж байлаа. “Рапид харш”-ийн С.Наран: “Энд олон хүний эрх зөрчигдөж, хүүхдүүд зэвтэй уснаас болоод өвчилж байна шүү дээ. Биеээр нь тууралт гарах, ходоод нь өвдөх гээд асуудал их л байна. Сар бүр 200 мянгаар төхөөрөмж аваад хэрэглээд явах айл цөөхөн байх шүү. “Хурд” групп болон төрийн түшээд энэ талаар нэг бодмоор юм даа” хэмээн ундууцаж байв. Шинэ, өндөр өртөгтэй байранд орсон даруйдаа устай холбоотой нэмэлт зардал гарч эхэлсэнд хүмүүс нийгмийн мэдээллийн хэрэгслээр, тухайлбал дээр дурьдсан Э.Амарцэцэгийн төдийгүй бусад хүмүүс ч Фэйсбүүк хуудастаа хэлэлцүүлэг өрнүүлжээ. Усны мөнгийг нь төлөхөө больцгоое, тэгэж байж асуудлаа шийдүүлье, олуулаа нэгдэж байж гол хүнтэй нь уулзъя гэх мэтээр тэд саналаа бичжээ.

Өнөөдрийн байдлаар оршин суугчид нь “Рапид Харш” хотхонд гурав дахь, Алтай хотхонд дөрөв, “Эв эе” хотхонд хоёр дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нэг хотхонд дунджаар 1000 гаруй өрх, 2500 гаруй оршин суугч амьдардаг юм. Тэднээс Хан-Уул дүүрэгт орших “Рапид Харш” хотхоны нэг, 24, 25, 26, 27 дугаар байрны иргэд 2012 оноос хойш удаа дараа, Баянгол дүүрэгт байрладаг “Тайгам Алтай” компанийн барьж, гүйцэтгэсэн “Алтай” хотхоны оршин суугчид 2011 оноос эхлэн тус тус зэвтэй бохир усны гомдол, саналыг ШӨХТГ-т хүргүүлж, тусыг эс олсон байна.  Уг гомдлын дагуу ШӨХТГ нь барилгын компанитай хариуцлага тооцно  гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн зүйл үгүйд тэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.

Харин Мэргэжлийн хяналтын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Бурмаа орон сууцны оршин суугчдад асуудлаа шийдэх боломж байгаа гэж харж байна.  Тэрээр “Эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байгаа айл өрхүүдийн хохирлыг тухайн барилгыг барьж гүйцэтгэсэн компани барагдуулах ёстой. Мөн тодорхой хугацаанд хяналт шалгалтыг үргэлж хийж, сайжралтад анхаарах нь манай байгууллагын хариуцах ажил юм. Одоогоор манайд ахуйн хэрэглээний ус бохирдолттой холбоотой санал, гомдол ирээгүй байгаа” гэлээ. Тиймээс, СӨХ, ШӨХТГ-аас гадна МХГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст оршин суугчид шууд хандах боломжтой юм байна.

Ч.Мандахнар

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …