Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран хийлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг танилцуулж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улс анх 2004 онд баталсан. Энэ нь огт хуульгүй байснаас дээр үйл явдал болсон гэдгийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх байх. Нөгөө талаас энэ хууль үйлчилсэн 11 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч, үүргээ гүйцэтгэсэн хэдий ч өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд бүрэн хангалттай байж чадахгүй байна. Учир нь энэ хууль зарим талаар тунхагийн шинжтэй, хэт ерөнхийлсөн, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн байгууллагуудыг уялдуулж чадаагүй, үүнээс болж хууль өөрөө хүчгүйддэгээс гэр бүлийн хүчирхийллийг гааруулах бас нэг шалтгаан болж байна гэж хууль санаачлагчийн зүгээс үзсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд Иргэний танхимд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэхийг уриалсан уриалга гаргаж өөрөө үг хэлсэн. Ингээд Хууль зүйн яаман дээр энэ хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг гаргаж хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьсан. Гэвч хэлэлцэлгүй эргүүлж татсан тул Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн бариад байна.
Гэвч нэг хууль гаргаснаар асуудал шийдэгддэггүй. Бидний 20 гаруй жил явж ирсэн сэтгэлгээ бол нэг хууль гаргаад хориглочихоор асуудал шийдэгдэх юм шиг бодож ирсэн. Гэтэл энэ хууль бүх салбарын хуультай уялдаж байж том тогтолцоо болдог. Ганц хуулиар асуудал шийдэгддэггүй. Жишээ татахад, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай асуудлыг Цагдаагийн хууль дээр цагдаагийн албан хаагчийн үүрэг зэрэгт нарийвчлан оруулж өгөх ёстой. Цагдаа бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг. Бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Цагдаа ачаалал ихтэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь тэдний хийх нэг л ажил учраас цалгардаж болзошгүй. Ийм маягаар Цагдаагийн хуульд, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх тухай хуульд оруулж өгөхгүй бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль цагдаагийн байгууллагын хувьд 2,3 дахь шатны хууль болж хувирдаг. Учир нь Үндсэн хуулийн дараа баримтлах суурь хууль нь цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хууль байх жишээтэй.
Тиймээс энэ хуулийн гол онцлог бол түүнтэй уялдах Гэмт хэргийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль зэрэг бусад хуульд шаардлагатай, холбоотой хэсгүүдийн нэмж оруулж өгөх ёстой. Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хмэжээний тогтолцоог бүрдүүлэхэд чухал алхам болох юм.
Хуулийн бас нэг гол концепц бол гэр бүлийн хүчирхийллийг нэгэнт гарсан хойно нь хүнийг шийтгэх биш, урьдчилан сэргийлдэг, таслан зогсоодог чиглэл рүү анхаарах ёстой. Одоогийн өргөн баригдаж байгаа хуулийн гол амин сүнс бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх явдал юм.
Энд гурван түвшний урьдчилан сэргийлэх асуудлыг оруулж өгч байна. Нэгд, анхан шатны урьдчилан сэргийлэлт. Бүх нийтийн боловсролоор дамжуулж хүчирхийлэл үүсч буй шалтгаан, нөхцөлийг яаж арилгах вэ гэдэг рүү хуулийн төслийн хоёрдугаар бүлэг бүхэлдээ чиглэж байгаа. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, боловсролын байгууллагууд, соёл, урлагийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагууд, бүх шатны ИТХ, Засаг даргын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгийг энд тусгасан.
Хоёр дахь урьдчилан сэргийлэлт бол гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хүчирхийлэл үүсэхээс хамгаалах чиглэлийн зохицуулалтыг цогц байдлаар оруулж өгч байна. Хуулийн төслийн гуравдугаар бүлэг үүнд чиглэж байгаа. Хүчирхийлэл гарсан тохиолдолд дахин давтагдахаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэх зэрэг асуудлыг энд нарийвчлан оруулж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүй яаж илрүүлэх, яаж шуурхай таслан зогсоох вэ, хохирогч, гэр бүлийн гишүүдийг хэрхэн хамгаалах зэргийг энд тусгасан.
Гурав дахь түвшний хамгаалалт буюу гуравдагч урьдчилан сэргийлэлтэд цогц үйлчилгээ, дэмжлэг, ялангуяа нэгэнт хохирогч болсон тохиолдолд хохирогч, гэр бүлийн гишүүдийг яаж эргүүлж хэвийн амьдралд нь оруулах вэ гэдгийг зохицуулна. Үүнд хуулийн төслийн дөрөв, тавдугаар бүлэг бүхэлдээ чиглэгдэж байна. Хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлэг, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамж, хүүхэд хамгааллын үйлчилгээ, тэдний эрхийг хамгаалах хууль зүйн туслалцаа зэрэг энд багтана. Цоо шинээр орж байгаа нэг асуудал бол холбон зуучлах үйлчилгээ юм.
Энэ хууль бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн хууль юм.
Шинээр оруулж байгаа Эрүүгийн хуулийн төсөл дээр энэ төрлийн эрүүгийн хариуцлагуудыг шинээр оруулж байна. Хүлээгэх ял шийтгэлийн асуудлыг мөн цоо шинээр оруулж байна. Гэрийн хорионд байлгахаас эхлээд хорих ял хүртэл хэрэглэхээр оруулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг зөрчсөн тохиолдолд, ялангуяа хүлээсэн үүргээ зөрчсөн хүнд Зөрчлийн хуулиар хариуцлага ногдуулахаар оруулсан.
Гэхдээ урьдчилан сэргийлэлттэй холбоотой бүх асуудлыг энэ хуульд оруулах бололцоогүй. Учир нь Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байдаг. Үүнд шаардлагатай нэмэлтүүдийг оруулж өгвөл механизм нь ажиллах ёстой.
Энэ хууль гэр бүлийн хуультай ижил биш. Гэр бүлийн хууль нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоодог, тэмцдэг хууль биш. Энэ хууль гэр бүл бологчдын гэрлэлтийн харилцаа, хүүхэд үрчлэлт, гэр бүлийн боловсрол олгох, дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулдаг тул салгаж ойлгох хэрэгтэй. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.