Монгол орон даяар Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярыг угтаж хүчит бөхчүүд бэлтгэлдээ гарч, уяачид хурдан морио сойж эхлэсэн. Үүнтэй холбогдуулан морь бөхийн медаль эрэлт ихтэй ч, олдоц муутай байна. Тухайлбал, “Зоос гоёл” компанийн нэрийн дэлгүүрт морь бөхийн медаль дангаараа 5000-6500 төгрөг, тууз 1200 төгрөг, медалийн хойно үг бичүүлэхэд 1 үсэг нь 60 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл сум орон нутаг бүр баяр наадмаа хийхдээ 5 насны түрүүлж айрагдсан хурдан морьд, түрүүлж үзүүрлэсэн бөхдөө зориулан 30 гаруй медаль авах шаардлагатай болж байна. Монгол улсын нийт 330 гаруй сум бүр 30 ширхэг медаль худалдаж авна гэж тоооцход 10000 гаруй медаль хэрэгтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл монголчууд бид зөвхөн баяр наадмынхаа медальд зориулж 50 гаруй сая төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарч байна.
Дээр хэлсэнчлэн “Зоос гоёл”-ын медаль дууссан бөгөөд наадмаас өмнө дахиж хийж амжихгүй гэнэ. Тэгэхлээр энэ чиглэлийн бизнес буюу медаль үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд зундаа “под хийсэн” орлоготой байж таарах нь ээ.
А.Тамир