“Хэн байгаад хэн болсноо хэзээ ч битгий март” гэсэн нэгэн үг бодолд автах тэрхэн мөчид оч мэт зурсхийн орж ирлээ. Бидний өдөр тутам харж дассан, тэгтлээ сэтгэл өвтгөн санаа тавихаа больсон гэх эгэл жирийн атлаа эгэл бус амьдралын өнгө төрх нүдний минь өмнө тодоос тод дурайж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэн хүндхэн цаг үед гудамжинд гуйлга гуйж, хулгай дээрэм хийж, орц траншейнд хоног төөрүүлж явсан хэчнээн ч олон хүүхэд багачууд байв даа. Ноорхой хувцастай хатлар жаалуудын царайчлангуй харц, сайртсан гар чухам хэний буруугаас ийнхүү бусдын эд хогшил, мөнгө төгрөг дээр “тусах” болсныг хэн ч үл мэдэх. За даа, бараг мэдэхийг ч хүсдэггүй байсан биз. Архичин аав ээжийн залхаан цээрлүүлэлт, аль эсвэл өнчин өрөөсөн амьдрал, өөрсдийн гэнэн шохоорхол буюу тэнэглэлээсээ болж траншейг сонгосон гэж дүгнэх хүн олон. Энэ ч утгаараа, өөрсдийгөө тэнгэрийн амьтан мэтээр бодож сэтгэн тэднийг гоочилж “Газар доорхи ертөнцийнхөн” хэмээн золбин гөлөгнөөс ч долоон дор үзэн гадуурхдаг байсан нь нууц биш. Бор ходоодоо өлсгөхгүйн тулд бяцхан биедээ баймгүй хүнд ачааг нуруундаа үүрэн, чадлынхаа хэрээр амьдралын төлөө тэмцэж явсан ТРАНШЕЙНЫ ХҮҮХДҮҮД хэзээ нэгэн цагт өсч томроод нийгэмд адлагдсан хулгайч дээрэмчин болно гэх айдастай хүмүүс ч цөөнгүй байсан нь лав. Тэгвэл одоо хэн бүхний адлаад байсан тэр олон траншейны хүүхдүүд ХААЧИВ…
Тийм ээ, энэ бүхэн маань “Зангараг” уран сайхны киноны зөвхөн эхлэл хэсэгт төрсөн бодрол, эргэцүүлэл байлаа. “SKY PYRAMID” студийн бүтээл болох энэхүү киноны нээлт өчигдөр “Тэнгис”, “Өргөө-1” кинотеатрт сонирхол татахуйц хэмжээнд зохион байгуулагдлаа. Урлаг соёлын тоглолт, “Hummer “ жийп машины цуваа, уран бүтээлчдийн улаан хивсний ёслолын арга хэмжээгээр чимсэн ёстой л “Зангараг”-тай нээлт байсан гэхэд хилсдэхгүй. Адал явдалт, уянгын драмын төрлийн “Зангараг” киноны зохиолыг А.Батбаатар бичиж, найруулагчаар нь ажилласан бөгөөд гол дүрд Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Д.Бямбацогт, Г.Золбоот, П.Баттөр, жүжигчин Г.Алтангэрэл, Д.Дэлгэрсайхан, Е.Баярмагнай, Т.Анар, Т.Мөнх-Эрдэнэ, Н.Мөнхсоёл нар тогложээ. Киноны нээлтийн үеэр жүжигчин П.Баттөр ССАЖЯ-наас гардуулсан “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаасан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон юм.
…Хэний ч санаанд оромгүй байдлаар зүсээ хувилган амьдарч, жинхэнэ “араатан” чанараа бяд муутай нэгний ядрангуй төрхөөр халхавчилсан Цанлиг бусдын хувь тавиланг ёстой л өөрийн дураар зохиосон эр. Тэр бол бузар үйлдлийг нь санамсаргүй байдлаар илчилсэн нэгэн гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлээд зогсохгүй, өшөө хорслынхоо золиос болгон хэрхэн тавлаж зугаацахаа хүлээсээр 20 жил тэсвэртэй нь аргагүй нуугдсан гэмт этгээд. Харин нялх балчир насандаа харуусаад барамгүй хагацал гуниг амсаж, хэцүү бүхнийг даван туулахаар чармайсан жаалхан үрс энэ олон жилийн хугацаанд ямархуу хүмүүс болж өсч, төлөвшсөн бол…
Ахан дүүгийн амин хэлхээ, эр хүний мөс чанар, ноён нуруугаа алдаагүй яваа Гариг, Хөлөгөө хоёр маань бага дүү Энхлэнгээ олох болов уу… Амьдралынх нь утга учир болсон хайртай гэр бүлээ аврахын тулд хамтдаа шороо идэж өссөн багын найзаа хуурч, хамгийн дотны хүнээ хөнөөх сонголт Цэнгэлд тулгарвал яах вэ… Хэдийгээр нэгэн цагт өлсч цангахын эрхэнд хулгай зэлгий хийж явсан ч, өнөөдөр чухам ямар зангарагтай эрчүүд гэдгээ жинхэнэ утгаараа харуулж яваа ахан дүүс, төрснөөс дутуугүй ижилдэн дассан дотны найзууд энэхүү ээдрээт хэргийн учгийг тайлж чадах болов уу…
Уншигч, үзэгч та бүхэн маань эдгээр олон асуултын хариуг “Зангараг” уран сайхны киноноос олж авах боломжтой юм шүү. “Үзэн ядалт өш хонзонд автахаараа ХҮН хэмээх хамгийн эрхэм чанараа гээж, мөхөл рүүгээ ойртож буй АРААТАН мэт амьдарч байгаагаа зарим хүмүүс хэзээ ч ухаардаггүй. Үр дүнд нь өнөөдөр, маргааш хоёрын алинд нь ч тэд амьдарч чаддаггүй. Тэд хэзээ ч үхэхгүй юм шиг амьдарч, тэгээд эцэст нь хэзээ ч амьдраагүй юм шиг үхдэг. Учир нь зам болгон зөв байдаггүй” гэх энэхүү сонирхолтой ишлэлийг эцэст нь үлдээе. Тийм ээ, жинхэнэ зангарагтай эрчүүдийн үерхэл нөхөрлөл хийгээд амьдралын шалгуурыг та бүхэн “Зангараг”-аас заавал үзээрэй. Ухаарал өгч, сургамж хайрласан олон үйл явдлууд үзэгч таныг лав уйдаахгүй гэдэгт баттай итгэнэм. Сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ сэтгэл, оюуны цангааг тайлсан “Зангараг”-тай эрчүүддээ БАЯРЛАЛАА.