ХАХНХЯ-аас Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг Засгийн газраар дэмжүүлж, УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна.
Энэ хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих УИХ дахь лобби бүлгээс санаачлан “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг орон даяар өрнүүлэхээр болсон байна. Аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, болон НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бэнес нар өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр өглөө.
Зургадугаар сарын 11 буюу энэ өнөөдрөөс эхлэн 25-ныг хүртэлх 14 хоногийн хугацаанд явуулах энэхүү аяныг НҮБ-ын Хүүхдийн сангаас дэмжин хамтарч ажиллаж байгаа юм. Аяны хүрээнд иргэдийн саналыг Улаанбаатарт бол оршин суугаа хорооныхоо нийгмийн ажилтан, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, харин орон нутагт Аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүдээр дамжуулан бичгээр болон цахим хэлбэрээр хүлээн авах юм байна. Хүүхдийн эрх, хамгааллын талаарх эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага манай нийгмийн харилцаа, хүүхдийн нөхцөл байдлаас зүй ёсоор урган гарч байна.
Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 1576 хүүхэд хохирч, тэдний 817 гэмтэж, 101 нас барсан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 81 хүүхэд хохирч, 3 хүүхэд нас барсан, зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, 48 хүүхэд амь насаа алдсан байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилт нь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаарх төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлж, хүүхдийн эрхийн хяналтын тогтолцоог бий болгох, хүүхдийн эрх, эрх чөлөөг хангах, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Харин Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхэд хамгааллын зарчим, төрийн чиг үүргийг тодорхойлж, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бий болгох, нийгэм, гэр бүлийн хүрээнд хүүхдийг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
Хууль, эрх зүйн орчныг шинэчилж, нарийвчилснаар хүүхдийг аливаа дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдал болон мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нийгмийн хэм хэмжээ хуулиар тогтоох юм. Энэ хүрээнд хүүхдийн эрхийн хяналтын механизм, стандарт бүхий үйлчилгээ, мэргэшсэн хүний нөөц бүрдэж улмаар хүүхэд хамгааллын асуудал тогтолцооны хүрээнд хөгжих боломжтой болно.
Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, өсвөр насандаа жирэмслэх, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд өртдөгийг дэлхийн олон орны эрдэмтэд судлан тогтоосон байна.