Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө гаргах тухай” А/492 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн 2014 оны татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй үед нийслэлийн төсвийн орлогын эх үүсвэрийг ханган ажиллаж буй нийслэлийн Татварын газрын татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, их засвар, нэг цэгийн үйлчилгээ, татвар төлөгчдөд үйлчлэх танхим, уулзалтын өрөөг засварлахад шаардлагатай техник хэрэгслийг худалдан авахад шаардагдах 431 сая 619 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – т даалгав.
Дээрх засвар үйлчилгээ, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр, бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх, нуугдмал орлогыг илрүүлэх, татварын өр барагдуулах чиглэлээр тодорхой, үр дүнтэй ажлууд зохион байгуулж, нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан татварын орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Татварын газарт үүрэг болголоо.
Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.