Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах хэлбэрээр хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын ээлжит 23 дугаар хуралдаанаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг баталсан.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 8 байршилд газар шинэчлэн зохион байгуулах төсөл боловсруулаад байна. Уг ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга эдгээр 8 төслийн талбарын иргэдтэй уулзалт хийж байгаа бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 23, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Цайз хотхон”, тус дүүргийн 27 дугаар хороо “Дахь Эх хотхон”, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Хан – Уул дүүргийн 9 дүгээр хорооны төслийн талбарын иргэдтэй уулзсан. Өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ – ын дарга А.Лхагвадорж нар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Ивээл” төслийн талбарт хамрагдаж байгаа иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож, газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны ажлын явцыг танилцууллаа.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо нь 380 хүн ам, 96 өрхтэй бөгөөд нийт 9.2 га газрыг хамардаг. Тус төслийн талбарын иргэд 2013 оны 06 дугаар сараас эхлэн газар шинэчлэн зохион байгуулалтад хамрагдах хүсэлтээ гарган бүлэг болж, төслийн суурь судалгаа авах ажилд “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”-тэй хамтран ажилласан. Эдгээр иргэний бүлгүүд нэгдэж, 2014 оны 03 дугаар сард “Ивээл” Иргэдийн түр зөвлөлийг байгуулж, төсөл боловсруулах ажилд хамтран оролцож байна. “Ивээл” Иргэдийн түр зөвлөл 5 гишүүнтэй бөгөөд иргэдийг мэдээллээр хангах, иргэдийн саналыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгах зэрэг ажлуудад идэвхитэй хамтран оролцож байна.”Ивээл” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 15 амины орон сууц, 96 таунхаус, 540 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийг амар амгаланг айлтгая. Бид гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах ажлын хүрээнд төслийн талбарт хамрагдаж байгаа иргэдтэй уулзаж байна. Өмнө нь уулзсан иргэд уг төслийг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, хурдхан шиг ажлаа эхлүүлэхийг хүсч байсан. Энэхүү ажлыг Та бүхэн ч гэсэн дэмжин ажиллаж байгаад таатай байна. Таны хүсэн хүлээсэн тохилог, тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө бид хичээн ажиллаж байна” гэлээ. Харин иргэд гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг ихэд дэмжиж байгаагаа илэрхийлж, уг төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.