“40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Ажилтай орлоготой Чингэлтэйчүүд” уриатайгаар иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 100 гаруй өрхийн 350 орчим иргэн хамрагдаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Тарвагатайн аманд хүнсний ногоо тариалж байна.
Тус хөтөлбөр хэрэгжээд хоёр жил болж байгаа ба тус дүүргийн хороо хорооны иргэдээс бүрдсэн 20 орчим хүнтэй 5 бүлэг ажиллаж байна.
2014 онд төмс голчлон тарьсан бол энэ жил лууван, хүрэн манжин, хүлэмжинд улаан лооль, өргөст хэмх, хулуу, чинжүү тарьж нэр төрлийг нь нэмэгдүүлжээ.“ Шинэ ургац” бүлгийн ахлагч С.Мажиглхам хэлэхдээ “ Нэг өрхийн цаана олон хүн бий ч өөрсдийн хэрэглээнээсээ илүүг нь худалдан борлуулж, тодорхой орлоготой, ажилтай болгож буй энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн олон хүн баярлаж байдаг” гэв. Нийслэлээс газар олгож, хүлэмжтэй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас намар хураасан ногоогоо худалдаж, борлуулахад дэмжлэг үзүүлдэгт иргэд талархаж байв.