Монгол Чех 2 улсын хамтын ажиллагааны протоколыг 2012 онд байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Энэ хүрээнд геологи, хайгуул, уул уурхай, нэн ялангуяа ураны чиглэлээр хамтран ажиллахаар тусгагдсаны дагуу өнөөдөр Монгол Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээг хоёр тал байгууллаа.
Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” ХХК, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК хооронд “Мон-Чех Ураниум” компани байгуулагдсан бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллахаар ийнхүү нэг чухал алхмаа хийж байна.
“Мон-Атом” ХХК-ийг төлөөлж ТУЗ-ийн дарга Н.Батбаатар, гүйцэтгэх захирал Э.Галбадрах, Бүгд найрамдах Чех улсын “Ураниум индастри” ХК-аас ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Милан Клечка, ТУЗ-ийн гишүүн Мартин Кадлец нар гарын үсэг үзэглэлээ.
Энэхүү гарын үсэг зурах ёслолд Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Бүгд найрамдах Чех улсын Сенатор Жараслов Доубрава, Монгол Улсаас БНЧУ-д суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам нар оролцсон юм.
Чехийн геологичид 1950-аад оноос Монголын нутаг дэвсгэрт геологийн үйл ажиллагаа явуулж байсан эртний “анд” юм.
“Чехийн геологичдын хувьд уран хайх, илрүүлэх, олборлох, байгалийг нөхөн сэргээх болон атомын энергийг ашиглах талд асар туршлагатай орон юм. Ингэж хэлэхийн учир нь Чех улс Монголын нэг аймгийн газар нутагтай тэнцэх хэмжээний нутаг дэвсгэртэй хэдий ч ураны 164 уурхайг нээн илрүүлжээ. Эдгээрээс 60 уурхайд нь аж үйлдвэрийн чиглэлээр олборлолт явуулж байна. Бидний зүгээс Монгол Улстай дахин хамтран ажиллах болсондоо таатай байна” гэдгийг Чех улсын “Ураниум индастри” ХК-ийн ТУЗ-ийн дарга Милан Клечка хэлсэн үгэндээ онцолсон юм.
Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмалын талаар баримтлах бодлого 2005 онд, Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд тус тус баталсан. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ураны хайгуул олборлолтын үйл ажиллагааг идэвхижүүлж шар нунтаг хүртэл үйлдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэх эхлэл ийнхүү тавигдаж байна.
Уул уурхайн сайд Р.Жигжид:
-Монгол Чехийн ураны талаарх хамтын ажиллагаа хэрхэн зохицуулагдах вэ?
-Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагдана. Хуулиар улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд нөөц нь тогтоосон ордыг 51-ээс доошгүй хувийг төр эзэмших, хувийн хэвшил нөөцийг тогтоосон бол 34-оос доошгүй хувийг эзэмшинэ гэсэн заалт бий. Цаашид тэр зарчмаа бариад ажиллана.
-Эхний үйл ажиллагааны талаар танилцуулна уу?
-Одоо бол хайгуулын үйл ажиллагаа явагдана. Хайгуулаа хийгээд нөөцөө тогтоосны дараа хувь хэмжээгээ эзэмшээд боловсруулах, ашиглах үйл ажиллагаандаа орно. Одоогоор хаана, ямар газар хэдий зэргийн нөөц байна гэдгийг тогтоох юм.
-Хамтын ажиллагааны хэтийн зорилт юу вэ?
-Ер нь бидний хэтийн зорилт бол шар нунтаг үйлдвэрлэх юм. Энэ алхамд хүрэхэд олон шат дамжлага байна. Гэхдээ шар нунтаг гэдэг тийм хэцүү технологи биш гэж ойлгож болно. Энэ бол атомын цахилгаан станцын түлш хийх дамжлагын түүхий эд юм. Олон улсад үйлдвэрлэж байна. Цаашдаа атомын эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглахад зайлшгүй тийм түүхий эд хэрэгтэй болох юм. Манай улс ч гэсэн энэ асуудлыг орхигдуулахгүйгээр одооноос бодож, хөгжүүлж явах хэрэгтэй. Яваандаа хүн төрөлхтөн эрчим хүчний эх үүсвэрээ цөмийн эрчим хүчинд найдаж даатгах төлөвтэй юм билээ. Ялангуяа байгаль орчин, дулаарал, эдийн засгийн өртөг гэхчлэн хүчин зүйлээс хамаарч байгаа юм.
-Ураны асуудалд ард иргэд маш сэрэмжтэй ханддаг. Энэ чиглэлээр нэлээд туршлагатай Чех улстай хамтрах болсон талаараа?
–Чех улс бол Европын холбооны гишүүн улс. Энэ чиглэлээр асар туршлагатай. Чех улстай хамтран ажиллана гэдэг хэтдээ Европын холбооны бүлэгтэй хамтран ажиллах боломж гарц нээгдэнэ гэж харж байгаа.
Г.Эрдэм