Төв цэвэрлэх байгууламжид өнөө өглөөнөөс засвар хийж эхэлсэн. Тус байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана хэзээ мөдгүй нурах эрсдэл үүсээд буй. Тиймээс эхний ээлжинд 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газраас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлийг өнөөдрөөс элүүлээд байгаа юм.
Засвар шинэчлэлтэй холбоотойгоор нийслэлийн орон сууцны айлуудын усыг өчигдөр оройн 22.00 цагаас өнөө өглөөний 08.00 цаг хүртэл хязгаарлажээ. Ингэхдээ хэрэглээний усыг бүрэн хязгаарлаагүй шаардлагатай тодорхой газруудад хэсэг хугацаанд хязгаарласан гэдгийг албаныхан хэллээ.
Одоогоор ихэнх айлын усыг хэвийн өгч эхэлсэн байна. Харин засвар хийх хугацаанд буюу энэ сарын 14-нийг хүртэл архи, пиво, ундаа үйлдвэрлэдэг мөн арьс ширний үйлдвэрүүдийн усыг хязгаарлах аж.
Түүнчлэн энэ сарын 14-ныг дуустал буюу засвар хийж дуустал хэрэглээний усыг аль болох хэмнэж, хэрэглээгээ танахыг Ус сувгийн удирдах газрынхан иргэдээс хүсч байгаа юм.
А.Ханд
www.new.mn