Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдтой ярилцлаа.
Сонгинохайрхан дүүргээс шинэлэг, сайхан ажил өрнөж байгаа сураг дуулддаг. Ойрд ямар ажил зохион байгуулж байгаа бол гэсэн хүлээлт сэтгүүлчдийн дунд бий болгосон байна шүү. Одоо төрийн албан хаагчдын чуулга уулзалт болох гэж байгаа юм байна. Ер нь танай дүүрэгт нийт хичнээн төрийн албан хаагч ажилладаг юм бэ?
-Баярлалаа. Аль болох шинэлэг, үр дүнтэй ажил санаачлан, хийж хэрэгжүүлэхийг зориод л ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд 162769 төрийн албан хаагч ажилладаг гэсэн тоо баримт бий. Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудад 6049 албан хаагч ажилладаг. Үүний 80.5 хувь нь буюу 4850 орчим нь үйлчилгээний албан хаагч, 19.5 хувь нь буюу 1200 орчим нь улс төрийн болон төрийн тусгай, захиргааны албан хаагчид байдаг юм. Зөвхөн сургууль, цэцэрлэгүүд гэхэд нийт 3733 багш ажилтантай байгаа.
–Төрийн алба данхайлаа гээд байдаг. Танайх шиг том дүүрэгт төрийн албан хаагч харин ч цөөдөх юм шиг.
-Сонгинохайрхан дүүрэг 300 мянга давсан оршин суугчтай. Монгол Улсын хүн амын 10 хувь гэсэн үг л дээ. Гэтэл 160 гаруй мянган төрийн албан хаагчын 4 хүрэхгүй хувь нь манай дүүргийн төсвийн байгууллагуудад ажиллаж байна. Энэ тоон үзүүлэлтээс манай дүүргийн төрийн албан хаагчдын ачааллыг харж болохуйц байгаа биз. Дээрх 6000 албан хаагчаас ихэнх нь боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид. Төрийн захиргааны, тусгай, улс төрийн албан хаагчид нь нийлээд 1200 орчим. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн хувьд төрийн албан хаагч үнэхээр цөөддөг юм.
–Жишээ нь нэг хороон дээр хэдэн албан хаагч ажилладаг вэ?
-Хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, бүртгэлийн, халамжийн ажилтан, үйлчлэгч, манаач гээд ердөө 5-8 албан хаагч хороон дээр ажилладаг. Хороо бол төрийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны нэгж. Хорооны ажилтнууд хэр зэрэг хүртээмжтэй, шуурхай ажиллаж байгаагаас төрийн албаны хүртээмжтэй, шуурхай байдал шалтгаална. Манай дүүргийн хувьд хүн ам олонтой, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр болохоор хорооноос төрийн үйлчилгээ авах иргэд маш их. Ажилтан, албан хаагчдын хувьд үнэхээр ачаалалтай ажилладаг. Манай зарим хороо 16-17 мянган оршин суугчтай гээд боддоо. Тэдэнд 10 хүрэхгүй албан хаагч төрийн үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл 2-3 мянган хүнтэй сумын 200-300 хүнтэй багт ийм тооны албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа. Ёстой нөгөө хуваарилалт нь шог гэдэг шиг байгаа биз.
-Тийм байна. Албан хаагч нэмж ажиллуулж болдоггүй юм уу?
-Цаанаасаа баталж өгсөн бүтэц орон тоо нь л энэ. Ингээд лавшруулаад ярихаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хөндөхөөс аргагүй болдог юм. Үндсэн хуулинд аймаг нийслэл, сум дүүрэг гээд статусыг нь тогтоогоод өгчихсөн байдаг. Бодит байдал дээр 300 мянган хүн амтай сум байтугай аймаг ч байхгүй. Статусаараа болохоор бүх хуваарилалт сумын л зэрэгтэй байгаад байдаг юм. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ хэсэгт зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай. Түүнээс гадна Засгийн газар, нийслэлийн түвшинд ч гэсэн бүтэц орон тоон дээр хүн ам, ажлын ачааллыг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь Сонгинохайрхан дүүргийн хороод өдөртөө л 100-200 хүнд үйлчилж байна. Чингэлтэй дүүргийн Газрын албаны байцаагч, манай дүүргийн газрын албаны байцаагч хоёрын ажлын ачаалал үнэхээр ялгаатай. Боловсрол, эрүүл мэнд, цагдаагийн гээд бүх л байгууллагын хувьд ийм л дүр зурагтай байгаа. Бүтэц орон тоон дээр зайлшгүй анхаарах ёстой.
–Төрийн албыг хүнд сурталтай гэж иргэд ярьдаг?
-Ажлын ачаалал их, амьдрал ахуй ямар ч байлаа гэсэн, тэр ч бүү хэл тухайн өдөр сэтгэл санаа тааруухан байсан ч гэсэн төрийн албыг сонгож ороод, тангарага өргөсөн албан хаагч хүн иргэдэд хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Төрийн үйлчилгээ авахаар ирж байгаа иргэд зүгээр нэг цаг завтайдаа ч юмуу явж байгаа хүмүүс биш л дээ. Цаанаа ямар нэг зовлон, шалтгаан, асуудалтай хүмүүс л төрөөсөө үйлчилгээ авахаар ирдэг. Жишээ нь чи хэзээ хамгийн сүүлд харьяа хороон дээрээ очсон бэ?
–Уржнан хаягийн тодорхойлолт авах гэж нэг очсон юм байна.
Одоо оршин суугаа хаягийн тодорхойлолтыг ТҮЦ машинаас авдаг болчихсон /инээмсэглэв/. Эмнэлэгээр, цагдаагаар, дүүрэг, хороогоор хүн зүгээр нэг ороод гардаггүй. Шалтгаан, асуудалтай болохоор л ирдэг. Асуудалтай байгаа хүн бухимдахад, шүүмжлэхэд бэлэн л байдаг. Тэгэхээр аль болох асуудлыг нь шийдэхэд туслах, зөвлөгөө өгөх хандлагаар л төрийн албан хаагч ажиллах ёстой. Үүнийг би албан хаагчиддаа байнга захидаг юм.
–Танай дүүргийн төрийн албан хаагчдын ажлын ачаалал их юм байна. Энэ нь ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг байх.
-Ачаалал их ч ажлын үзүүлэлт харин сайн шүү. Ажлаа хийгээд л амжилтаа гаргаад л гэдэг шиг манай дүүргийн бүхий л салбарын төрийн алба үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Нийслэлээс жил бүр явуулдаг хяналт, шинжилгээ, үнэлгээний шалгалтын дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хоёр жил дараалан эхний байруудад орсон. Татварын хэлтэс 2014 онд системийнхээ хэмжээнд нэгдүгээр байр эзэлсэн. Нэгдсэн эмнэлгийн хамт олон маань Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тэргүүний байгууллагаар шалгарсан гээд дурьдвал олон. Салбар салбартаа л эхний байруудад шалгардаг. Би дүүргийнхээ төрийн албан хаагчдаар бахархдаг юм. Ажлын нөхцөл, орчин сайнгүй, ачаалал их ч төрдөө өргөсөн тангаргаа сахин биелүүлж амжилт гарган ажиллаж байгаа нь үнэхээр сайшаалтай.
–Төрийн албан хаагчдынхаа ажиллах нөхцөл, орчныг сайжруулах талаар юу хийж байна вэ.
-Бусад дүүргүүд шиг ордон барьж чадахгүй л байна. Энэ нь дүүргийн удирдлагуудаас шалтгаалахгүй л дээ. Нөгөө л төсөв мөнгөтэй холбоотой. Сонгинохайрхан дүүрэг бол улсын төсвөөс татаастай төвийн ганц дүүрэг. Тэгэхээр төсвийн хуваарилалт нь ч бага ирдэг. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдгээр дүүргийн нутгийн захиргааны ордны зураг төсвийг нь хийлгэж байгаа. Тамгын газрын байрныхаа урд талын эрүүлжүүлэх байрыг нураагаад сайхан ордон барина гээд газрынх нь асуудлыг шийдвэрлээд, төлөвлөчихсөн л яваа. Өнөөдөр иргэд дүүргийн Тамгын газар ирж нэг тодорхойлолт аваад, Ханын материал орж халамжийн үйлчилгээ авахаар явах жишээтэй. Дэргэдэх хэлтсүүд бол бүгд л энд тэнд байгаа. Уг нь иргэн нэг хаалгаар ороод авах ёстой төрийн үйлчилгээнүүдээ бүгдийг нь биш гэхэд ихэнхийг нь аваад л гарах ёстой юм. Ер нь бол төрийн үйлчилгээ үзүүлж буй орчин сайхан байна гэдэг үйлчилж байгаа, үйлчлүүлж байгаа аль аль талдаа хэрэгтэй. Хэлтэс албадын ажлын уялдаа холбоо ч сайжирна. Үүнээс гадна байгууллагууддаа бага ч гэсэн хөрөнгөөр жижиг ч гэсэн тоног төхөөрөмж авч өгөх л санаатай байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 2015 онд дүүргээ бүрэн камержуулахаар төлөвлөж, ажил нь ахицтай явж байна. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээс гадна цагдаагийн байгууллагын албан хаагчдын маань ажлыг маш хөнгөлнө гэж үзэж байна даа.
-Сонгинохайрхан дүүрэгт бүтээн байгуулалтын ажил өрнөж байх шиг байна. Өнгөрсөн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг товч дурьдвал?
-Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нэмэгдүүлэхээр зорьж ажиллан тохижилт, бүтээн байгууллалтын нэлээдгүй ажлыг Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүллээ.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 хорооны цахилгаангүй 2860 өрх, хүчдэлийн уналттай 3311 өрхийн цахилгааны хангамжийг сайжруулах 34 төрлийн ажлыг 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт 43,4 км замын өргөтгөл шинэчлэлтийг улс, нийслэл, замын сангийн хөрөнгө оруулалтын 11,4 тэрбум төгрөгөөр, 3000 м2 талбайн авто замын /нөхөөс гагнаас/ урсгал засварын ажлыг 141.0 сая төгрөгийн төсөвт өртгөөр хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 2 жилд 22-ын товчоо чиглэлийн 10,6 км, 25-р хороо, Зүүн салааны 3.6 км авто замыг шинэчилж, шинээр 1.2 км авто зам, Баруун салааны 4.1 км авто зам, Орбит-Тахилтын 7.1 км авто зам Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны тойрог хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4,9 км авто зам, Буяны 2.6 км авто замыг тус тус шинээр ашиглалтад оруулсан юм. Дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 4 хороонд 6 гүний худаг, 10 хороонд зөөврийн усан сан, 9 хороонд тоглоомын талбай, 3 хороонд бичил цэцэрлэг, 14 хороонд явган хүний зам, шат, гүүр, 3 хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, 2 хорооны гадна засвар, тохижилт, 21 хорооны 44.6 мян у/м газарт 1292 ш, 5 хороонд авто замыг засварлах ажил хийгджээ. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 950 гэрэлтүүлэг хийгдсэн байна. Энэ бүхнийг зохион байгуулан хийж хэрэгжүүлэхэд дүүргийн төрийн албан хаагчид маань тун сайн ажилласаныг энд дурьдмаар байна.
–Төрийн албан хаагчдын нэгдсэн чуулганыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар тодруулаач?
-Ер нь Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулж хуралдаж байгаагүй. Энэ удаа төрийн албан хаагчдын чуулганыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран санаачилж, зохион байгуулан хуралдах гэж байна. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай боловсон хүчин байх ёстой. Чуулганы үндсэн зорилго нь төрийн албан хаагчдаа өргөсөн тангарагаа чин сэтгэлээр сахин биелүүлэх, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг уриалах зорилготой. Мөн Сонгинохайрхан дүүргийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг танилцуулах юм.
–Хөтөлбөрийнхөө талаар тодруулахгүй юу?
-Түрүүнд дурьдсан Сонгинохайрхан дүүрэг улсаас татаастай төвийн ганц дүүрэг гэж. Үүнээсээ шалтгаалаад төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт бусад дүүрэгүүдтэй харьцуулахад хөрөнгө мөнгө зарцуулж чаддаггүй л дээ. Зүгээр жишээ дурьдахад үр дүнгийн гэрээний урамшуулал гэж А, В үнэлгээтэй албан хаагчдаа манайх үндсэн цалингийн 20-40 хувиар шагнадаг бол бусад дүүргүүд үндсэн цалинг 2-3 дахин нэмэгдсэнтэй тэнцэх мөнгөөр урамшуулдаг. Ажлын нөхцөл, орчин тааруу, ачаалал их, алслагдсан, ажилгүйдэл, ядуурал ихтэй дүүрэгт ажилладаг гээд ийм байж болохгүй л дээ. Иймээс төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг ИТХ, ЗДТГ-аас санаачлан, батласан.
-Зөв л санаачлага байна. Ойрын хугацаанд хийх өөр шинэлэг ажил гэвэл юуг онцлох вэ.
-Ирэх зургадугаар сард “Иргэдийн баяр” хийхээр төлөвлөж, ажлын хэсэг ажиллаж байгаа. Төрөөс, татварын мөнгөөр цалинжаад сууж байдаг нөхөд, тэр дундаа төр захиргааны байгууллагынхан чухам юу хийдэг юм бэ гэдэг талаар иргэддээ тайлан тавих үндсэн зорилго байна. Захиргаа, хуулийн хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс гэх мэт бусад нэгж, хэлтсүүд иргэдийн төлөө яг юу хийгээд байдаг юм гэдэгтэй иргэд сайтар танилцаж авах боломжтой. Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргааны бүх байгууллагын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөр” гэж ойлгож болно. Мөн Монголынхоо уламжлалт зан үйлийн дагуу Сонгинохайрхан уулынхаа тахилгыг хийж, иргэдээ нэг өдөр салхинд сайхан амраах зорилготой наадам зохион байгуулъя гэж байгаа юм. Морьтой, суртай, бөхтэй, үзвэр үйлчилгээтэй, юм юмтай сайхан наадам болно. Мөн энэ үеэр харилцаа, хамтын ажиллагаатай гадаадын бүх хот, дүүргүүдийн төлөөлөгчдийг урьж оролцуулна. Ер нь “Иргэдийн баяр” маань энэ жилийн томоохон арга хэмжээний нэг болно доо.
-Танай дүүргийг зорихдоо сайхан юм дуулна даа гэж ирсэн маань талаар болсонгүй. Дандаа ийм өндөр зорилготой, өрнүүн амжилттай байхыг хүсье.
-За баярлалаа. Танд болон танай хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсье.
Ярилцсан О.Анар