Налайх хотын Захирагчийн сонгууль 6 сарын 14-ны ням гарагт болж өнгөрлөө. Харамсалтай нь энэ удаагийн сонгууль Налайхын Сонгуулийн нэгдсэн хорооны болон дүүргийн эрхийг барьж байгаа АН-ын удирдлагуудын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны дунд болж өнгөрсөн байна.
Хотын Захирагчийн сонгууль Налайх хотын өнөөгийн удирдлагуудын хууль зөрчсөн хэрээс хэтэрсэн үйлдэл дунд шударга өрсөлдөөн явах боломжгүй байдлыг бий болгожээ. Ингэж хэлэхийн учир нь Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн нэгдсэн хороо нь анхнаасаа Улсын бүртгэлийн Ерөнхий Газраас Налайх хотод илгээсэн албан бичиг, нэрсийн жагсаалтыг дур мэдэн засварласан, дээр Дүүргийн АН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч болон хороодын Засаг дарга нар санал авах байрны гадаа тус бүр “жижүүрлэн” зогсож, санал өгөх иргэдийг дуудан уулзаж, өөрийн “талын” нэр дэвшигч Ш.Хааны төлөө саналаа өгөхийг ятган уриалж байсан ажээ.
Мөн УБЕГ-аас Налайх хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хороонд ирүүлсэн 2015 оны 06 сарын 04-ны 1/7701 тоот албан бичигт “…Налайх хотод оршин суух хаягтай, 18-аа дээш насны иргэдийн 2015 оны 6 сарын 4-ны өдрийн байдлаар гарган цахим хэлбэрээр хүргүүлж байна” гэснийг О.Манарбек даргатай Сонгуулийн нэгдсэн хорооноос 6 сарын 14-ны гэж “1-ийн тоог” нэмэрлэн засварласан байна.
Өөрөөр хэлбэл УБЕГ-аас сонгууль болохоос 10 хоногийн ирүүлсэн албан бичгийн хугацааг Налайхын захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооноос сонгууль болох өдөр болгож хойшлуулан зассанаар Сонгуулийн нэгдсэн хорооноос зарим нэр дэвшигчдийг, тухайлбал төр засгийн эрх барьж байгаа АН-ын нэр дэвшигч Ш.Хааныг дэмжсэн, тэдэнд санал өгүүлэх шилжилт хөдөлгөөн хийлгэх, Налайх хот руу иргэдийг сонгогчоор бүртгэх эрх олгохын тулд сонгууль болохын өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотоос иргэдийг Налайх дүүргийн хаягтай болгож шилжүүлэх боломжийг олгосон байна. Энэ үйлдэл нь “Засгийн эрхийг хууль бусаар худалдан авах” гэх Эрүүгийн гэмт хэрэгтэй дүйцүүлэн үзэж болр хэмжээний гэмт хэргийн чанартай үйлдэл юм.
Хамгийн сонирхолтой нь УБЕГ-аас 10 хоногийн дараах иргэдийн шилжилт хөдөлгөөнийг урьдчилан мэдэж,”далдыг харж” албан бичгээ илгээсэн мэтээр хандсан нь Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооны арчаагүй, арга ядсан хууль бус үйлдлийг илэрхийлсэн том жишээ болж байгаа юм.
Ийнхүү хотын захирагчийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн нэгдсэн хороо нь өөрсдөө хууль зөрчин, хэтэрхий нэг талд үйлчилсэн нь дээрх баримтуудаар илэрхий харагдаж байгаа юм.
Налайхын Захирагчийн сонгууль эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд зарим хүмүүс хэрхэн хуулийг зөрчиж, сонгогчдын саналын яаж “луйвардаж” авч болдогийн жишээг харуулсан сонгууль боллоо гэж хэлэх хүмүүс олон байна.
Ц.Мөнх