Брэндан Рожэрс зуны 4 дэх наймаа болох Коло Турэг Ливэрпүүлтэй нэгтгэсний дараа ирэх саруудад багаа дахин хүчирхэгжүүлэх гэж буй төлөвлөгөөнийхөө талаар ярьж байна.
Улирлын өмнөх бэлтгэлээс өмнө 4 шинэ тоглогчийг Анфилдэд авчирснаар клубыг хүчирхэгжүүлэх багийн ажил дуусчихгүй болохыг Рожэрс мэдэгдлээ.
Иаго Аспас, Луйс Албэрто, Симон Мигнолэт, Коло Турэ нарыг албан ёсоор Ливэрпүүлтэй нэгтгэснээ зарласан бөгөөд эдгээр тоглогчид ирснээр наймааны цонх дуустал юу ч хийхгүй гэсэн үг биш ажээ.
“Би дахин нэг довтолгооны, довтолгоо зохион байгуулчих чадвартай тоглогчийг багтайгаа нэгтгэхээр зорьж байна. Мөн багаас гадагшаа зээлээр явж ур чадвараа дээшлүүлээд ирэх ганц хоёр тоглогчдын асуудлыг авч хэлэлцэж байна. Тиймээс тэдний байр суурийг нөхөх тоглогчид ч хэрэг болж мэдэх юм”
“Ер нь бол дахин нэг довтолгооны тоглогч авах хэрэгтэй байгаа. Магадгүй бас нэг хамгаалагч ч хэрэг болно гэж бодож байна. Ирэх саруудад асуудал яаж шийдэгдэхийг харж байя”
Рожэрс наймааны цонхоор хурдтай ажиллах нь энэ зуны клубын үндсэн стратеги болохыг цохон тэмдэглэлээ.
“Энэ бол чухал хүчин зүйл. Өнгөрсөн жилийн зуны цонхыг харахад бидний хувьд хүндрэлтэй асуудлууд харьцангуй их байсныг ажигласан. Тиймээс ч өнгөрсөн улирлын эхний хэсэг бидний хувьд хүндхэн өнгөрсөн”
“Үүнээс үзэхэд бидний багтаа хүч нэмэхээр шинээр авчирсан тоглогчид маань ирэнгүүтээ л шууд багт идээшиж чадахгүй байсан байх”
“Бид 1-р сард маш сайн наймаа хийсэн нь бидэнд үлэмж тус болсон. Бид өөрсөдтэйгээ нэгтгэхээр шийдсэн тоглогчдоо аль болох маш хурдан өөрийн болгох бодлого баримтлахаар шийдсэн юм. Бид дахин зарим тоглогчдыг эгнээндээ нэгтгэхээр ажиллаж байна”
“Би авчирсан 4 тоглогчдоо маш их сэтгэл хангалуун байна”
эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир