МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлтэй уулзаж, сүүлийн үед МАН-д үүсээд байгаа нөхцөл байдал, намын шинэчлэлийг хурдасгахаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан МАН-ын залуучуудын эхлүүлээд байгаа тэмцлийн талаар ярилцлаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд өөрсдийн шаардлагаа гардуулан өгсөн шинэчлэгч залуус уржигдраас намынхаа байрны өмнө гэр барьж намын гишүүд, дэмжигчдийн гарын үсэг цуглуулан намын бага хурал, түүнчлэн ХХVII их хурлыг яаравчлан хуралдуулж, намын удирдлагуудтайгаа тооцоо бодохоор эргэлт буцалтгүй шийдэцгээжээ.
-Улстөрийн ууган хүчний томхон хэлтсийн даргаар ийм залуу хүн ажилладгийг сонсоод эхэндээ гайхдаг байлаа. Энэ ажлыг танд хэн нэгэн санал болгосон уу, эсвэл?
-Би 2012 оны есдүгээр сард Лондонд Төрийн удирдлагын менежерийн чиглэлээр сурч байлаа.
Нэг өглөө дөнгөж босчихоод байж байтал монголоос Г.Занданшатар дарга залгаад “За Цогтгэрэл ээ сурлага өндөр үү. МАН шинэ бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалтаар ажиллах багаа бүрдүүлж байна.
Энэ талаар удахгүй Удирдах зөвлөлөөр авч хэлэлцэнэ. Цоо шинээр эмхлэн байгуулагдаж байгаа Мэдээлэл, технологийн хэлт сийн даргаар чамайг тавихаар МАН-ын шинэ удирдлага ярьж тохиролцоод байгаа. Чи ирж ажиллах уу. Хариугаа яаралтай өгөөрэй” хэмээн пал хийтэл хэлдэг юм байна. Тэр үед үнэхээр тулгамдаж “За би бодъё” л гэсэн. Тэгээд яг 10 хоног “Энд сурч мэдлэг боловролоо дээшлүүлэх нь дээр үү, монголд очиж улстөрийн амьдралд идэвхтэй оролцох нь дээр үү, аль нь миний ирээдүйн амьдралд илүү үр дүнтэй вэ” гэж маш их бодсон.
-Тэр үед чинь нээрээ МАН УИХ-ын сонгуульд ялагдчихаад залуучууд нь гадагшаа сургууль, соёлын мөр хөөн тараад алга болчихсон байсан л даа. Яг л 2004 онд АН-ын залуучууд АНУ-руу сурах нэрээр зугатсан шиг гэж ойлгож болох уу?
-Нам сонгуульд ялагдчихаар тиймэрхүү байдал үүсдэг ч байж мэднэ. Гэхдээ хамгийн гол нь тэрүүхэн хугацааг ашиглаад мэдлэг, боловсролоо дээшлүүлээд авъя гэж хэний ч толгойд ордог л бодол шүү дээ. Тэр л жишгээр МАН-ын идэвхтэй олон залуучууд АНУ, Англи зэрэг хөгжилтэй оронд суралцахаар таран одсон байлаа. Би ч тэдний л нэг.
Ингээд сайтар бодсоны эцэст улстөрийн амьдралд тууштай, хүчтэйхэн оролцъё гэж шийдээд Г.Занданшатар даргын ярьснаас 14 хоногийн дараа Монголд ирсэн. Г.Занданшатар дарга ч намайг яг хүлээж байсан. Миний хувьд элдэв хор найруулаад ч юм уу, дээгүүр доогуур гүйж хэн нэгнээс татаас, дэмжлэг авч энэ албан тушаалд томилогдоогүй гэдгээ хаана ч хэлдэг. Одоо ч дахиад хэлчихье. Нам надад итгэл хүлээлгэсэн. Чадахаасаа чадахгүйг нь хүртэл зүтгэх нь миний үүрэг. Гэхдээ би чадахгүй нь гээд ямар ч үед бууж өгч үзээгүй, хойшдоо ч ийм л байна.
-Өөрийн тань хувьд нам нь улстөрийн сонгуульд ялагдчихвал залуучууд нь тэрүүхэн хугацааг ашиглаад мэдлэг боловсролоо дээшлүүлээд авахыг дэмждэг байх нь ээ дээ?
-Энэ жишгийг би зөв л гэж боддог. МАН-аар жишээ аваад үзье л дээ. Үндсэндээ 2000-2012 он хүртэл манай нам улстөрийн амьдралд голлох үүрэгтэй, маш идэвхтэй оролцож байлаа шүү дээ. Тэр хооронд У.Хүрэлсүх дарга ч юм уу, М.Энхболд, Г.Занданшатар гээд аль ч улстөрчид АНУ-д очоод сургуульд сурчих зав үнэндээ байгаагаагүй.
Төрийн ажил, намын ажил гэж нухлуулсаар яваад насны нар нь хэлбийж яваа улстөрчид бол үнэндээ нэг бодлын өрөвдөлтэй, нөгөө талаар харамсалтай хувь заяатай хүмүүс юм шүү дээ. Улстөрч хүн долоо хоног өвчтэй байх эрхгүй зүтгэж байх хойгуур улс орон, дэлхий ертөнц өдрөөс өдөрт шинэ хурдцаар урагшилж, мэдээллийн технологи, шинжлэх ухааны цоо шинэ дэвшил, ажил явуулах огт өөр арга барил гээд өчнөөн хөгжиж дэвшиж байхад манайхан хөмөрсөн тогоон дотроо эргэлдсээр байгаад үнэхээр хоцрогдож байгаа нь эмгэнэлтэй ч гэсэн үнэн. Сурч боловсрох талаар МАН-ын өнөөдрийн лидер гэгдсэн улстөрчид их азгүй хүмүүс.
Бид тэдний алдааг давтахгүйн тулд өөртөө бололцоо гаргаад сурч боловсроод авах хэрэгтэй. Харин хариуцлагаас зугатааж хувиа бодож, довоо шарлуулан сурах нэрээр дайжиж одсон гэсэн ойлголтод хамаарагдах хүмүүс цөөхөн ч гэсэн байсан. Одоо ч байгаа. Гэхдээ улстөрийн сонгууль ч юм уу, намд өөрчлөлт, шинэчлэлт хийгдэх түүхэн цаг үед байх ёстой хүмүүс нь байж л байх ёстой. Намд хэрэгтэй цаг үед нь байгаагүй, байхыг хүсээгүй хүмүүстэй данс дугуйлах нь шударга ёсонд нийцнэ.
-Өнөөдөр МАН тогтсон үзэл баримтлалгүй, шалгарсан улстөрийн онолч, товойн гарсан лидергүй байгаагаас дараалсан гурван сонгуульд ялагдал хүлээлээ. Энэ бүх ялагдлыг удирдагчид нь өөртөө зав гаргаж, тархи толгойгоо цэнэглээгүйтэй холбон тайлбарлаж болно биз?
-Яг ингэж ойлговол ихээхэн өрөөсгөл ойлголт болно. Хүссэн хүсээгүй 5-10 жилийн дараа бидний үе ирнэ. Бидний дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тодорно. Үндсэндээ манай үе тэнгийнхэн улс орноо авч явна шүү дээ. Харин тэр үед л бид бүх талаар бэлэн байх ёстой. Улс орныг удирдан авч явахын тулд улстөрийн өндөр мэдлэг, мэдрэмжтэй, сайнаар ч, муугаар ч бэлтгэгдсэн байх учиртай юм. Улстөрийн гурван ч сонгуульд ялагдсан шалтгааныг манайхны сурсан, сураагүйтэй 100 хувь холбон тайлбарлаж болохгүй. Гэхдээ 2016, 2020 оны парламентад манай нэр дэвшигчид гологдохыг үгүйсгэхгүй. Учир иймд сурч боловсрохыг тэргүүн эгнээнд тавих нь ч зөв.
-МАН-ын шинэчлэгч залуус их зөв, зүйтэй ажил барьж авсан ч жаахан зохион байгуулалт муутай, ялангуяа улстөрийн зориг зүрх муутай юм шиг санагдаад байгаа. Намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр шаардлага барьж орсон та нарыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Та нар шиг үлбэгэр, зориггүй юмнууд чадахгүй” гэж загнасан дуулдсан?
-Алба үүргийн дагуу Удирдах зөвлөлийн хуралд би суудаг юм. Наад асуудлыг чинь хүмүүс жаахан буруугаар ойлгоод байгаа юм билээ. Ц.Нямдорж гишүүн уг нь “Манай УИХ-ын гишүүд нэг нэг салбарын сайд юм уу, сэдэв аваад л тулаад ноцолдчих ёстой юм. Даанч та нар чадахгүй, зориггүй л дээ.
Жишээ нь Н.Номтойбаяр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг амалж аваад ноцолдоод байгаа шиг үзэлцэх хэрэгтэй юм. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүдэд Н.Номтойбаяр шиг зориг гаргах хүн өөр байхгүй л дээ” гэж л хэлсэн. Энэ үгийг ялангуяа УИХ-ын залуу гишүүдэд хандаж хэлсэн болохоос биш МАН-ыг шинэчлэх бүлгийн гишүүдэд хэлээгүй юм шүү. Энийг ялгаж ойлгоорой.
-УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар саяхан “Манай намд шинэчлэл явагдаад л байгаа шүү дээ. Ямар хүмүүс нь олон юм яриад байгаа юм” гэх маягийн юм ярьсан байсан. Одоогийн МАН-ын удирдлагууд ялангуяа Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Т.Бадамжунай нар та нарын хүсч байсан шинэчлэлийг хийж чадсан уу?
-МАН-ын шинэчлэл аажуухан ч гэсэн явагдаж байгаа нь үнэн. МАН-ын шинэчлэлийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдснөөр харж болно. Хэзээ байхад МАН бүтэн өдөржин сайн, муу, сайхан, муухайгаа дуудалцан хуралдаж, улстөрийн том сонгуульд ийм ардчилалтай нэр дэвшүүлж байлаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхийг сөхөөд үзэхэд энэ удаа хамгийн ил тод, ардчилалтай нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдсан. Энэ бол МАН-ын шинэчлэлийн эхний үр дүн. Одоо бидэнд бүтцийн шинэчлэлт, бодлого зорилтын шинэчлэлт, намын тоглоомын дүрмийг тогтоох шинэчлэлт зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Нэг ийм яриа хүчтэй яваад байгаа юм. Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэх процесс, одоо өрнөж байгаа МАН-ыг шинэчлэх залуучуудын хөдөлгөөний ард У.Хүрэлсүх зогсож байгаа. Энэ бүх үйл ажиллагаа нь УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх МАН-д, тэр дундаа их улстөрд ихээхэн эрч хүчтэй эргэж ирэх замаа өөрийн төлөөний залуучуудаар хийлгээд, өөрөө ард нь анхааралтай ажиглаад сууж байгаа гэцгээгээд байна. Энд ямар тайлбар хийх вэ?
-Нэгдүгээрт: МАН-ын Бага хуралд НАМЗХ-ны угшилтай гэх ч юм уу, одоогийн хэллэгээр залуучуудын фракцын 34 хүн байдаг юм. Энэ нь УИХ-ын гишүүдтэйгээ нийлээд шүү дээ.
Тэгэхээр эдгээр 34 хүний хүсэл сонирхол, татаас түлхээсээр Б.Бат-Эрдэнэ гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихнэ гэж байдаггүй юм. У.Хүрэлсүх Б.Бат-Эрдэнийг цээжээрээ хамгаалан нэр дэвшүүлээд ялуулчихсан юм шиг бодоцгоож байвал тэрэн шиг эндүүрэл байхгүй.
Залуучууд хэчнээн дэмжээд ч цаана нь том тоо дутна шүү дээ. Тэгээд цаана нь МАН-ын Удирдах зөвлөлд насаараа шахуу лухайгаад сууцгааж байгаа “аваргууд” байна. Яах вэ. Залуучууд дэмжсэн үү гэвэл дэмжсэн. Гэхдээ Б.Бат-Эрдэнэ аварга дан ганц залуучуудын дэмжлэгээр ялалт байгуулаагүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт: МАН-ын дараагийн дарга, шинэ Ерөнхий нарийн бичгийн даргын талаар ярихад үнэхээр эрт байна. Миний бодлоор намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлд эмэгтэй хүнийг сонгох, арай олноор нь нэр дэвшүүлэх цаг болсон. Энэ нь эмэгтэй улстөрчийн торгон мэдрэмж, тархи толгойг ашиглаад үзвэл яах бол гэсэн л санаа шүү дээ. Үнэндээ МАН-д ухаалаг, чадварлаг эмэгтэй улстөрчийн зангараг, оролцоо дутагдаад л яваа.
-Тэгвэл яг өнөөдөр МАН-д улстөрийн үзэл бодол нь хаашаа ч гуйвахгүйгээр хатуужсан, ямар ч өдөөн хатгалга, үзэл бодлын зөрүүг тэсвэрлэх чадвартай, улстөрийн онол, үзэл баримтлал нь тогтсон лидер эмэгтэй улстөрч байна уу?
-Байлгаж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өөрсдөө тийм улстөрчийг үйлдвэрлэн гаргаж ирээд, нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Одоо дандаа л хоёрын хооронд, гурвын дунд бэлэн юман дээр тарвалзаж байдгаа больцгооё л доо. Цаг хугацаа байна. Залхуураад байх юм байхгүй. 2016 он гэхэд эрэгтэй, эмэгтэй шинэ лидерүүдийг төрүүлэх хангалттай хугацаа, боломж байна. Улстөрийн шинэ акц зохион байгуулаад, зоригтой тэмцэл хийгээд гараад ирэх юм бол шинэ лидер төрөн гарах бүх л боломж байна. Жишээ нь манай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байна. Шинэчлэлийн нэртэй Засгийн газрын бүх л булхай луйвар, дээрэм тонуулыг Н.Номтойбаяр дэлгэн тавьснаараа богинохон хугацаанд нийгэмд танигдсан улстөрч болон төлөвшиж байгааг та бид харж л байгаа.
Өнгөрсөн богинохон хугацааны дараа улстөрд маш хол явах залуу гэдгээ харуулчихлаа шүү дээ. Хэр баргийн хүн магтдаггүй Ц.Нямдорж гишүүн “Та нар Н.Номтойбаяр шиг байгаач” гэсэн нь нэг юм хэлээд байгаа биз.
-Өнөөдөр МАН-ын шинэчлэлийн төлөө тэмцэж байгаа залуучуудыг ажиглавал бараг л бүгдээрээ УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхийн гараас нь хөтлөөд улстөрд оруулж ирсэн хүмүүс байна. Саяхан НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүртэл У.Хүрэлсүхтэй томхон сэжмээр холбогдсон гэгддэг юм билээ. Тэгэхээр У.Хүрэлсүх өнөөдөр ч монголын улстөрийг тодорхой хэмжээгээр хөдөлгөх чадалтай байна, тийм үү?
-НАМЗХ-ны тогоон доторх асуудлаа залуучууд нь өөрсдөө мэдээд л явна. Ер нь ч тийм л байсан. МАН байтугай АН-ынханд ч улстөрд хөтлөн оруулсан, тусалж дэмжиж байсан ахмадууддаа хүндэтгэлтэй ханддаг уламжлал бий. Жишээ нь С.Батболдыг Ерөнхий сайд болоход С.Баярын асар их нөлөө байсан гээд л ярьдаг. С.Баярын утсан хүүхэлдэй энэ тэр гээд л юу, юу гэж ярьдаг байлаа. Гэтэл амьдрал дээр тийм байгаагүй гэдгийг мань эр олон юман дээр харуулсан. Магадгүй өнөөдрийн өрнөж байгаа үйл явдалд У.Хүрэлсүхийн нөлөөлөл огтхон ч байхгүй гэдгийг улирах цаг хугацаа, болох үйл явдал л харуулах байх. Тэгэхээр би өнөөдөр олон юм яриад байх нь утгагүй. Харин зүгээр хаа холоос МАН-ын шинэчлэлд ямар нэгэн байдлаар нөлөөлж чадаж байгаа бол би л хувьдаа “мундаг улстөрч юм даа” л гэнэ.
-МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “МАН-ын удирдлагад байгаа 21 олигархийн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэргийн баримт материал цугларч байгаа. Бид хэрэгтэй гэж үзвэл байр сууриа албан ёсоор илэрхийлж, хууль хяналтын байгууллагуудад хандана” гэсэн байсан. Үнэхээр тийм материалууд байгаа бол зоригтойхон дэлгэж тавиад, МАН-ыг булингартуулж, булшилж байгаа тэр хэдэн олигархиасаа бүрмөсөн салчихаж болдоггүй юм уу. Аль эсвэл та нар ирээдүйгээ бодоод айгаад хөдөлж чадахгүй байгаа юм уу?
-Т.Аюурсайхан тэгж ярьсан гэсэн. Яг үнэндээ МАН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнийхний тавиад байгаа үндсэн шаардлага бол авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй нэр холбогдсон л бол хэн ч бай албан ёсоор шалгуул гэсэн л байр суурин дээр хатуу зогсож байгаа. Гэхдээ хамгийн гол нь сайн дураар шүү.
Нэр төрөө сэргээсэн бол ажил албандаа буцаад оч оо л гэж байгаа. Тэгэхгүй бол авлига, хээл хахууль МАН-ыг төдийгүй монголыг муухай харагдуулж байна шүү дээ. Хоёрдугаарт МАН-ын олон гишүүнийг иймэрхүү асуудлаар дэндүү хэлмэгдүүлж байсан тохиолдол олон байсныг бид мартаж болохгүй. Хэдхэн жишээ хэлэхэд л Ц.Анандбазарыг УИХ-ын сонгуулийн мандатаа авчихаад гараад ирэхэд нь л барьж хориод сонгууль дуусангуут “Аа уучлаарай. Та буруугүй юм байна” гээд л тавиад явуулж байсан. Мөн Эрдэнэтийн Оюунбат, Увсын Цасчихэр нарыг хоёр, гурван жил орилуулаад л хэлмэгдүүлээд байсныг санаж байна. Одоо бол бид МАН-ын бүх л улстөрчдийг сайн дураараа шалгуулаад нэрээ цэвэрлээтэх ээ, тэгээд улстөрөө хий л гэсэн шаардлага тавьж байгаа.
-Та бүхэн байтугай монголын ард түмэн бүгдээрээ шахуу мэдэж байгаа нэг зүйлийг асуулгүй болохгүй нь. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, М.Энхболд, МАН-ын нарийн бичгийн дарга Т.Бадамжунай, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар гээд зарим нэгнийх нь булхай, луйвар илрээд хар гэрт сууж байгаа улстөрчид МАН-д маш олон бий. Жишээ нь дээрх хоёр УИХ-ын гишүүн, Т.Бадамжунай нарын тухайд та нар асуудлыг зоригтой дэлгээд тавьчихаж болдоггүй юм уу?
-Дэлгээд тавьчихсан шүү дээ. Гэхдээ УИХ-д байх уу үгүй юу гэдгийг бид шийдэхгүй л дээ. Жишээ нь М.Энхболдыг Төв аймгийн иргэд, сонгогчид УИХ-д гаргаж ирсэн. Сая бидний МАН-ын Удирдах зөвлөлд гардуулсан шударга ёсны уриалгад энэ бүхэн дурдагдсан байгаа. Т.Бадамжунай эд нарын асуудлыг шалгадаг газар нь шалгах юм байгаа биз.
-Хууль, шүүх гэснээс өөрөө АН-аас Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Р.Улаанхүүтэй холбоотой асуудлаар нийтлэл бичсэнээсээ баривчлагдан саатуулагдсан. АН-ын зүгээс таны нийтлэлийг ор үндэсгүй гүтгэлэг гэсэн. Харин таны хувьд энэ нь хэлмэгдүүлэлт байсан уу, юу байсан бэ. Ер нь энэ талаар юу гэж бодож явдаг вэ?
-Би энд нэг л зүйлийг хэлдэг. Тухайн мэдээлэл гарсан цаг хугацаа нь Орон нутгийн сонгуулийн дүн гарснаас хойш 10 гаруй хоногийн дараа болсон. Тэгэхээр Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр ч юм уу, Улаанхүү гэдэг хүний нэр хүндийг унагах өчүүхэн ч сэдэл, зорилгогүй байсан. Миний нийтлэл 2012 оны 12 дугаар сарын 3-нд гарсан юм шүү дээ. Харин манайхаас өмнө зөндөө олон газар нийтлэгдсэн байсан. Түүнээс гадна Улаанхүү нь миний нэр дээр гомдол гаргаагүй юм. АН-аас хаягласан гомдол л ирсэн гэсэн. Тэр дагуу надад Эрүүгийн хуулийн 111.2 буюу давтан гэмт хэрэгтэнд өгдөг, гарцаагүй ялтай их хүнд зүйл анги өгсөн нь үнэхээр хэлмэгдүүлэлт гэж үзэхээс өөр аргагүй.
Миний гомдлын дагуу энэ нийтлэлийг хэн анх бичсэн юм бэ гэдгийг нарийвчлан тогтоох шинжээчийн дүгнэлтийг одоо хүртэл гаргахгүй байгаа.
-Суллагдаад таван сар болж байхад одоо хүртэл хэрэг шийдэгдээгүй байгаа юм уу?
-Сая Нийслэлийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэ нь өнөөх л Эрүүгийн хуулийн 111.2-оор зүйлчилснийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Уг нь энэ бол гэмт хэрэг биш, иргэний журмаар шийдвэрлэх асуудал байгаа юм. Хохирогч гээд байгаа Улаанхүү нь болохоор “Уг нь би хэн анх энэ мэдээллийг цацсан бэ гэдгийг л тогтоох гэснээс хэн нэгнийг ялтан болгох өчүүхэн зорилгогүй” гэсэн.
-Тэгвэл цаг хожоод өмгөөлөгчөө сольдог ч юм уу ямар нэгэн аргаар удаагаад байвал яасан юм. Учир нь 2014 оны эхнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Эвлэрүүлэн зуучлах хууль” үйлчилж эхэлнэ шүү дээ?
-/Инээв/ Уг нь ч болно л доо. Гэхдээ надад үнэхээр төвөгтэй байна. Жишээ нь гадагшаа гарах эрх алга. Тэгээд байнга л сэтгэлийн зовиуртай. Хажуугаар нь миний бие тийм сайнгүй байна. Гадаадын эмнэлэгт шинжилгээ, оншилгоо хийлгэмээр байна. Үндсэндээ би үнэхээр хохирч, хэлмэгдэж байна.
-Урьдчилан хорих 461 дүгээр ангид 25 хоног хоригдоход ямар нэгэн улстөрийн ч юм уу Эрүүгийн ч гэмээр дарамт, шахалт ирж байв уу. Манай шоронгийнхон чинь тиймэрхүү муу аргаар хүнийг сайн дарамталдаг гэж сонсогдоод байдаг л даа?
-Тийм зүйл юу ч байгаагүй. Тэнд надад гар хүрсэн, зүй бус шаардлага тавьсан нэг ч хүн байхгүй. Хамгийн гол нь би шоронгийн дүрэм, журмыг ягштал биелүүлж байсан. Тэр чинь өөрөө чанга дэглэмтэй хорих л доо. Надтай хамт тэр корпуст хоригдож байсан 100 гаруй хоригдол намайг маш анхааралтай ажиглаж байсан.
Яагаад гэвэл МАН гэдэг том намын хэлтсийн дарга, хэвлэл мэдээллийн байгууллагад 10 гаруй жил ажиллачихсан энэ хүнтэй хянагч, харгалзагч нар яаж харьцах нь вэ гэдгийг нүд салгалгүй харж, нэг ёсондоо хяналт тавьж байлаа. Тэнд байхдаа би бичиг цаасны ажлаар маш олон хүнд тус дэм үзүүлсэн. Тэнд өнгөрүүлсэн 25 хоногт надад уйдах зав гараагүй. Би тэнд бичиг үсэг зааж байлаа, ном сэтгүүл уншиж өгч байлаа. Өргөдөл, гомдлыг нь хянах, захиа бичиж өгөх гээд үнэхээр завгүй байсан шүү.
-Сүүлийн үед “МАН-ын шинэчлэгч залуус Б.Бат-Эрдэнэ аваргыг намынхаа даргад зүтгүүлэх гэж байгаа” гэсэн яриа хүчтэй сонсогдох боллоо. Энэ нь саяын Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилттай оролцсонтой, түүний рейтинг өндөр байгаатай холбоотой гэж яригдаад байгаа. Үнэхээр та бүхэн Б.Бат-Эрдэнийг намынхаа даргад нэр дэвшүүлэхээр бэлтгэж байна уу?
-Та намайг тал бүрээс шахсаар байгаад МАН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуучууд намынхаа даргад хэнийг зүтгүүлэх гээд байгааг л хэлүүлэх гээд байна аа даа. Энд нэг л зүйлийг хариуцлагатай хэлэх ёстой. Хэн ч нэр дэвшиж болно. Хамгийн гол нь марафоноор л нэр дэвших эрхээ олж авах юм. Монгол Улсын хэмжээнд МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдгийг тодруулах марафон явуулахыг бид шаардаж байгаа юм. 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр нэр дэвшигчид нь өөрсдөө яваад марафон хийх хэрэгтэй.
АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч нам дотроо сунгаанд оролцохдоо хэрэглэдэг онооны зарчмыг энд баримтлах юм. Энэ бол хамгийн ардчилсан, шударга, шалгарсан систем мөн. Бид үүнийг л хэрэгжүүлнэ. Марафоны үзүүрт тунаж үлдээд, сонгогдсон дарга бол яавч муу дарга байх учиргүй юм. Хамгийн гол нь марафоныг лоббидох ямар ч боломж байдаггүй юм.
-Бид хоёрын яриа өндөрлөх дөхөж байна. МАН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуучуудын эцсийн зорилго нь одоогийн намын удирдлагуудыг үндсээр нь өөрчилж, солиход оршиж байгаа гэж ойлгож болох уу?
-“МАН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-нд НАМЗХ, НАМОХ, НИТХ дахь МАН-ын бүлэг, “Дахин сэргэлт” хөдөлгөөн, Шинэчлэлийн хорооныхон зэрэг олон төлөөлөл багтаж байгаа юм. Энэ тав, зургаан байгууллага нэгдээд “МАН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг байгуулсан юм. Эдгээр байгууллага болгоны тавьж байгаа шаардлага янз бүр л байгаа.
Жишээ нь манай Т.Аюурсайханы тэргүүлдэг Шинэчлэлийн хорооныхон бол нэн даруй бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Харин манай НАМЗХ, НАМОХ, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болохоор эхлээд зарчмын шинэчлэлүүдийг хийж фракцуудаа ил тод болгох, намын санхүүжилтийг ил тод болгож удирдлагуудыг марафоноор томилъё гэсэн байр суурьтай байгаа. Мөн гишүүнчлэлийн асуудлыг эргэж тодотгоё гэж байгаа. Гэхдээ энэ бүгд нийлээд МАН-ын шинэчлэл гэдэг том эрх ашиг дээр бид нягтарч байгаа юм.
-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын зүгээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг тун хангалтгүй дэмжиж бараг л далдуур “янаглан хорлох” шиг болсон. Хөрөнгө санхүү, зохион байгуулалт, хүн хүчний талд ч ихээхэн хангалтгүй ажилласан нь явсан газар бүрт нь ажиглагдаж байсан. Энэ талаар ямар тайлбар хийх вэ?
-“Хөнжлийнхөө хэрээр жийж, чадлынхаа хэрээр исгэрдэг” гэдэг нь л болсон. Бидэнд мөнгө байхгүй юм чинь үнэхээр хүчин мөхөсдсөн тал бий. Яг үнэндээ сурталчилгааны ажлыг гурван тэрбумд багтаах гэж үйлээ үзсэн шүү дээ. Нэг зүйлийг шударга хэлэхэд Б.Бат-Эрдэнэ аварга маань мөнгөгүй байсан. АН-ын тухайд бараг л мөнгөөр бороо оруулах шахаж байж ялалт байгуулсан юм шүү. Түүнээс гадна МАН-ын нэрээр цаг үргэлж ажил албатай явж, ёстой л байнга өрмийг нь идэж байсан эрхмүүд бүгдээрээ зугтаад алга болсныг шударгаар хэлэх ёстой. Энэ том ажлыг мөнгөгүй ч агуу сэтгэлтэй, намын аппаратын хэдхэн ажилтан чирч энэ хэмжээний том амжилтын ард гарсныг хэлчихье.
МАН-ын томчууд бүгд зугтаагаад алга болсон гэдгийг дахиад хэлж байна. Магадгүй тэдэнд ихээхэн айдас, Б.Бат-Эрдэнийн сонгуулийн ажилд хуруугаа ч хөдөлгөхгүй байх шалтгаан байсан нь тодорхой. Гэхдээ яг сонгуулийн үеэр МАН-ын гишүүн, дэмжиж тусалдаг олон бизнесмен, ажил хэрэгч хүмүүст дээрээс маш их дарамт, шалгалт ирж байсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.
-МАН-ын хувьд хөрөнгө, санхүү ихээхэн хүндрэлтэй байгаа гэж сонсоход гайхаж, эргэлзэж сэтгэл төрж байна. Харин ч зарим нэгэн зальтай, завшиж хөлжихийг эрхэмлэдэг хүмүүсийн хувьд мөнгөний авдар хэвээрээ байгаа юм биш үү. Жишээ нь МАН-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны нарийн бичгийн дарга М.Оюунчимэг л гэхэд 250 сая төгрөг зувчуулсан тухай саяхан нэгэн сонин дээр гарсан байсан?
-Энэ тухай ёстой сонсоогүй юм байна. Үнэхээр тийм юм болсон бол ноцтой асуудал босно шүү. Гэхдээ би энэ тухай үнэхээр аль ч шугамаар дуулаагүй. Шалгах ёстой газар нь шалгаад тогтоох байлгүй дээ.
-Сүүлийн асуулт. Таныг хорих ангиас УИХ-ын гишүүн Д.Арвин батлан даалтаар гаргаж авсан гэдэг нь үнэн үү. Чухам яагаад МАН-ын хуучин гишүүн Д.Арвин гэж?
-Үнэн үнэн. Гэхдээ энд нэг тайлбар хийхийг хүсэж байна. Тэр үеэр “Б.Цогтгэрэлийг батлан даалтаар гаргах хүн олдохгүй болоод УИХ-ын гишүүн Д.Арвин батлан дааж шоронгоос гаргажээ” гэсэн цуурхал тарсан юм билээ. Намайг батлан даалтаар гаргаж авах ёстой “хар мянган” хүмүүс байдаг юм шүү. Миний ээж гэхэд л эхээсээ 19-үүлээ, аав наймуулаа.
Манай хамаатан садан, ойр дотны хүмүүс гэхэд 1000 гаруй хүн байна. Эдний дотор эрх мэдэлтэй дарга даамал ч байна, АН, МАН-ын зөндөө олон хүн байгаа. Тэд нар бүгдээрээ дор бүрнээ хөөцөлдөж байгаа шүү дээ. Ажлын газар, хамт олон маш хүчтэй хөдөлж байсан. Д.Арвин гишүүний хувьд өөрийнхөө УИХ-ын гишүүний бланкан дээр бичиг хийгээд өгчихсөн байсан. Тэр үед миний бие их тааруухан байсан учир “Энэ хүнийг биеийнх нь байдлаас шалтгаалан хурдан суллана уу” гэсэн бичиг байсан. Тэгээд л би суллагдсан. Цагаан сарын өмнөхөн суллагдаж охинтойгоо уулзасан даа. Ийм л юм болсон юм.