Монголчууд бид эртнээс ном эрдмийг чухалчлан дээдэлж ирсэн түүхтэй ард түмэн билээ. “Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим” гэж үр хойчдоо захиж сургаж ирсэн өвөг дээдэс маань өөрсдөө даавуу даалимбан дээл өмсөх атлаа судар номоо торго дурдангаар баримтаглан, алт мөнгө, эрдэнийн чулуугаар чимэглэн бичиж ирсэн эртний уламжлалтай билээ.
“Q Art Gallery” (хуучнаар Зайсан дахь Цагаандариум галлерей)-д “Дээдийн номын гайхамшигт соёл” хэмээх гайхамшигтай үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэнд хувь хүмүүсийн гар дээр байгаа 17-р зуунаас хойшхи бичигдсэн үнэлж баршгүй гайхамшигт судар номууд дэлгэгджээ. Энд алт мөнгөөр бүтээсэн Жадамба /8 гэгээн/, есөн эрдэнийн Тарвачинбу /Их тонилгогч/, Цэнд /Насны судар/, Доржжодва /Очироор огтлогч/ тэргүүтэй эрдэнийн судрууд болон Зэс болон модон барын судрууд, муутуун цаасан дээр бичсэн гар бичмэлүүд зэрэг нэн ховор хосгүй бүтээлүүд дэлгэгджээ.
Үзэсгэлэн 6 сарын 17-аас 7 сарын 1-ны хүртэл 14 хоног нээлттэй байх тул ном эрдмийг эрхэмлэгч хэн бүхэн очиж мэлмийгээ мялаах боломжтой юм байна.
Ц.Мөнх