Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоос Дүүргийн Иргэдийн баярын үеэр тодруулга авлаа
– Дүүргийн иргэдийн баярыг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?
– Манай дүүргийн хувьд энэ жил анх удаа Хүй долоон худагт иргэдийн баярыг зохион байгуулж байна
– Энэ удаагийн Иргэдийн баярын онцлог юу байна
– Дүүргийн Засаг даргын санаачлагаар гээд хэлчихвэл жаахан даруухан биш болчихдог болов уу яадаг бол /инээв/, манай дүүргийн хувьд Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүргийн нэг. Өнгөрсөн өвөл бид дүүргийнхээ иргэдэд ажлаа тайлагнахад заал танхимын хүрэлцээ муу, хамгийн том гэх зааландаа 200-300 хүн ороод заал нь дүүрчихдэг байдал ажиглагдсан. Тиймээс дүүргийнхээ иргэдэд хүртээмжтэй байдлаар тайлангаа хэрхэн тавих вэ гэдэг дээр бид бүгд ярилцаад Хүй долоон худагт Иргэдийн баярыг зохион байгуулах энэ хэлбэрийг сонгосон юм. Өнөөдрийн үйл ажиллагааг дан ганц баяр наадам гэж ойлголвол өрөөсгөл болно. Учир нь энд манай дүүргийн бүхий л төр захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаагийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа иргэддээ тайлагнан танилцуулж байна.
– Та яриандаа Сонгинохайрхан дүүрэг хамгийн олон хүн амтай тухай дурьдлаа, танай дүүрэг нийт хэдэн мянган хүнтэй вэ?
– Манай дүүргийн 32 хороотой, 280 мянган хүн амтай ч албан ёсны бус тоогоор бол 300 мянга давсан гэж үздэг. Өнөөдөр энд бүх хороо энд оролцож байна, дээрээс төсвөөс санхүүждэг ах ахуйн нэгжүүд болон манай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагууд бас өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлан танилцуулах арга хэмжээг явуулж байна.
– Иргэдийн баярын зардал, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдсэн вэ?
– Зөвхөн үйл ажиллагаатай холбоотой зардлыг дүүргийн төсвөөс гаргасан бол үлдсэн зардлуудыг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын тусламж, дэмжлэгтэйгээр шийдвэрлэсэн.
– Таны ажилд амжилт хүсье
– Баярлалаа, та бүхний ажилд гэсэн амжилт хүсье.