Агентлагийн даргын 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1/17 дугаартай удирдамжийн дагуу Барьцаалан зээлдүүлэх газруудын /ломбард/ үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах зорилгоор хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтанд Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй барьцаалан зээлдүүлэх газруудыг /ломбард/ хамрууллаа. Мөн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуй эрхлэгчдийн иргэдтэй байгуулсан зээлийн гэрээ, дотоод журам, цагдаагийн газрын дүгнэлт, тодорхойлолт, түрээсийн гэрээ, стандартчилал, хэмжил зүйн газрын гэрчилгээ /жин хэмжүүрийн баталгаа/, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт материалуудыг гаргуулж, газар дээр нь очиж бодит байдалтай нь танилцаж, хянан үзэхэд барьцаалан зээлдүүлэх /ломбард/ үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараах нийтлэг зөрчил, дутагдлууд илэрлээ. Үүнд:
а/ Барьцаалан зээлдүүлэх ихэнх газрууд нь 7-30 хоногийн хугацаанд 3,5-10 хувийн хүүтэй зээлийг олгож зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5-иас дээш хувиар алданги, торгууль тооцож байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байх ба анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасныг зөрчсөн,
б/ Барьцаалан зээлдүүлэх газрууд нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд барьцааны эд зүйлийг худалдан борлуулахдаа Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасныг зөрчиж хэрэглэгчдийг хохироодог байна.
Дээрх зөрчлүүд нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9-д “Бараа ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно” гэж, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг тус тус зөрчсөн.
Хяналт шалгалтад хамрагдаж зөрчил гаргасан аж ахуй эрхлэгч нарт болон тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв. Мөн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж байна.