“Khaan quest” сургуульд 23 орны 1200 гаруй алба хаагчид оролцож байна

2015062202Монгол Улсын Зэвсэгт хүчнээс  АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони,  ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай  тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, манай улсад суугаа Элчин сайд нар болон гадаадын зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны Зэвсэгт хүчний алба хаагчид оролцохоор жигдрэн жагссан байв.

Сургуулийн нэг чухал арга хэмжээ бол хүмүүнлэгийн тусламж юм

Сургуулийн гол зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний болон оролцогч улсуудын бие бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдэд сурган дадлагажуулах, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлж, сургуульд оролцогч орнуудын  цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм.

Хоёр орны хамтарсан сургуулилт 2003 оноос эхэлсэн бөгөөд  2006 оноос өргөжин олон улсын сургууль болон өргөжсөн юм. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын  энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг 5 гол арга хэмжээний нэг болж чадсан.

“Khaan quest” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд батальоны түвшний команд штабын сургууль, салааны түвшний тактикийн хээрийн сургууль, барилга инжерийн ба эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг сургаж бэлтгэж иржээ. Үүний зэрэгцээ, олон улсын цэргийн эмч, барилгын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, туршлага солилцон, орон нутгийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ жишгээр 2004 оноос хойш 75 мянга орчим иргэдэд үйлчилсэн байна. Мөн энэ үеэр тухай орон нутгийн эмч эмнэлгийн ажилчидтай харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгөх нь уламжлал болон тогтжээ. Харин Барилга инженерийн хүмүүнлэгийн хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулсан юм. Энэ сургуулилтын хүрээнд орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Ц.Цолмон:     “KHAAN QUEST” сургуулийн  нэр хүнд, хамрах цар хүрээ өсөн нэмэгдэж байна

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон үг хэлэхдээ ““KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад оролцохоор манай сайхан оронд морилон ирсэн та бүхэнд Монгол Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Монгол Улс даян дэлхийн шударга улс түмнүүдтэй энх тайвнаар зэрэгцэн оршиж энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээллттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж байна. Энэ бодогын хүрээнд манай улсын Зэвсэгт хүчин, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал, “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран “KHAAN QUEST” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагыг 9 дэхь жилдээ уламжлал болгон зохион явуулах гэж байна.

Энэ жил зохион байгуулж байгаа тус сургууль нь НҮБ-ын цэнхэр дуулгатны эгнээг өргөтгөх, оролцогч улс орнуудын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадамжийг нэмэгдүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн итгэлцлэл, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа томоохон арга хэмжээ юм.

“KHAAN QUEST” сургалт дадлагын нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж, бүс нутгийн хэмжээний нэр хүндтэй, томоохон арга хэмжээний нэг болж чадсанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье.

Цаашид НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай цэргийн хэргийн мэдлэг, ур чадварт суралцах, бие бялдар, ёс суртахуун, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилттэй байх, дэлхийн өнцөг булан бүрт, янз бүрийн нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсэн туршлага, сургамжаа харилцан хуваалцах, болзошгүй аюул заналын үед бэлэн байх явдал нь цэнхэр дуулгатан бүрийн эрхэм зорилт байгаасай гэж хүсч байна.

Дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэн “KHAAN QUEST-2015” сургалт дадлагад цэргийн алба хаагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнуудын төр засаг, цэргийн дээд командлалд та бүхнээр дамжуулан гүн талархал илэрхийлье!

Төрт ёс, ардын арвин зан үйл, нүүдэлчин соёл иргэншлийн өвөрмөц өнгө төрхөө өнөө хүртэл хадгалж ирсэн Монгол түмний өлгий нутагт тавтай морилон, ихийг сурч, улс үндэстнүүдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулна гэдэгт Монголчууд бид итгэлтэй байна.

“KHAAN QUEST-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хамтарсан  сургалт, дадлагад оролцогсод Та бүхэнд дахин талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бoхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. Сургуулийн нээлтийн үеэр оролцогч орнуудын цэргүүд сүрт жагсаалаа гайхуулж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн үзүүлэх тоглолт, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийнхан шүхрийн буулт хийж цугласан олныг баясгав. Сургууль ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.

2015062203 2015062204 2015062205 2015062206 2015062207 2015062208 2015062209

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …