Цөөхөн Монголчууд бид “дэм дэмэндээ” явах шиг сайхан зүйл хаа байна. Ядарч зүдэрсэн нэгэндээ гараа сунган тусалдаг Монголчууд бидний сайхан сэтгэлийн үзүүрт нэг хүн ч гэсэн элэг бүтэн, эрүүл энх, жаргалтай сайхнаар инээж байвал болох нь тэр. Ийм нэгэн сайн үйлсийн давалгааг Ховдчууд өрнүүлж байна.
Тодруулбал зүрхний ховдол хоорондын 2 цоорхой, 2 судас солих гэсэн оноштой Ховд аймгийн Дөргөн сумын харьяат нэг ой 5 сартай нэг бяцхан хүүд амьдрал хайрлах аяныг “Өнөөдрөөс сайхан маргааш” ТББ-ын залуус өрнүүлээд байгаа юм.
Энэхүү өвчнийг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд цаг алдалгүй Энэтхэг улсад эмчлүүлэх шаардлагатай байгаа учраас нутгийн сайхан сэтгэлт залуус нэгдэн хүний орчлонд ирсэн жаахан үр, нэгэн сайхан гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэхээр ийнхүү сайн үйлсийг эхлүүлжээ.
Буянжаргалын Доржсамбуу хүүд туслах аянд Ховдчууд нэгдэж байгаа бөгөөд 06 сарын 07-ны өдөр хандивын тоглолт, Үенч сумын соёлын төвийн авьяаслаг жүжигчин сурагчид “Норовын намтар” сургамжит жүжиг тоглож, орлогыг хүүд хандивлажээ.
Тэгвэл сайн үйлсийн аянг зохион байгуулагчдын зүгээс Б.Доржсамбуу хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөх дараагийн үйл ажиллагааг 2015 оны 06 сарын 26-нд зохион байгуулахаар болжээ. Ховд аймгийн гэрэл зурагчдын нэгдсэн “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа болох юм. Энэхүү аянд Ховд аймгийн гэрэл зурагчдын төлөөлөл болсон 6 зурагчны гэрэл зураг дэлгэгдэх юм.
Бяцхан хүүд амьдрал бэлэглэх сайн үйлсээр тамгалагдсан “Зүрхэнд уяатай нутаг” гэрэл зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа 2015 оны 06 сарын 26-ны 16 цагаас BlueMon группын үзэсгэлэнгийн танхимд болно.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Г.Туяа