“Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төсөл Ховдоос эхэллээ

TDUndurlugАймгийн төв талбайд “Төрийн далбааны өндөрлөг 21 аймагт” төслийн нээлт болж шав тавив. Уг төслийг УИХ-ын гишүүн, УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санаачлан, “Бид нэг Монгол” ТББ-аас хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөл нийт 200 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр босох юм байна.

2008 онд УИХ-ын гишүүн Бямбацогт, Сүхбаатар нар санаачлан жил бүрийн 7-р сарын 10-ны өдрийг “Төрийн далбааны өдөр” болгох хуулийн төслийг УИХ-аар батлуулсан. Мөн 2011 онд төрийн тэргүүн МУ-ын төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачлагыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан байна.

“Бид нэг монгол” ТББ нь 2015 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гадаад харилцааны сайд асан Занданшатар нарын санаачлагаар үүсгэн байгуулагджээ. Санаачлагчдын зүгээс  энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ард иргэдийн хандив тусламж хэрэгтэй гэж байгаа бөгөөд хамгийн эхэнд БСШУ-ны дэд сайд Төмөрбаатар 1 сая төгрөгийг хувиасаа, аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан 15 хоногийн цалин болох 500,000 төгрөг, аймгийн ардчилсан намын нөхөд 1 сая төгрөгийг тус тус хандивласан байна.

Санаачлагчдын зүгээс үүнийг эх орон тусгаар тогтнолоороо бахархах, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах, амжилт ололтыг бататгах зэрэг ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч Монгол төрийн бэлгэдлийг эргэж харах цаг болсон тухай эрдэмтэд судлаачид санал дэвшүүлж, өнөөгийн Монголын төрийн бэлгэдэл болгож буй соёмбо тэмдэг нь Монгол язгуурын бэлгэдэл биш, харийн зээлдмэл зүйл болох тухай баримт нотолгоонуудыг гаргаж тавьсан. Улмаар дээдсээс улбаат язгуур бэлэгдэлээ сэргээх тухай саналууд дэвшигдэж байгаа зэргийг Төрийн ордонд залардаг төсөл санаачлагчид маань мэдээгүй бололтой.

Өнгөрөгч 5-р сард төрийн далбааны өндөрлөг цогцолборын төслийн шилдэг бүтээл шалгарч, эхний нээлтийн үйл ажиллагаа манай аймгаас эхэлж байгаа. Төслийн хандивыг 3 сарын туршид цуглуулна хэмээн санаачлагчид мэдэгдэж байгаа ч үүний бодит ач холбогдол нь юу болох, ямар зорилгоор санаачилсан зэрэг нь тийм ч ойлгомжтой бус. Сонгууль дөхөөд ирэхээр олны сэтгэлийг татах элдэв аргуудыг сүвэгчилж эхэлдэгийн нэг нь энэ юм хэмээн үл ойшоох хүмүүс ч олон байна.

Г.Үнэнтоль

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …